1.1. Хүмүүсийг яриулах


Сэдвийнхээ зорилго, нөхцлөөс хамааран та өөрийн гэсэн ярих түүхтэй хэн нэгэнтэй “алхаж ороод” шууд уулзах (хүмүүс ихэнхдээ үүнийг бүдүүлэг гэж боддог л доо), эсвэл “утсаар ярих” боломжтой байх хэрэгтэй. Хэрвээ ярилцах шаардлагатай эх сурвалж тань ямар ч боломж олгохгүй байвал та “харуулдах” арга ашиглаад үзээрэй. Тухайн хүнийхээ ажилладаг албан газрын  хүлээлгийн танхим, үүдээр эргэлдэх, эсвэл тэр хүн очих олон нийтийн арга хэмжээнд оролцох мэтийн аргыг хэлж байгаа юм. Гэхдээ энэ нь муу үр дагавартай байж мэдэх бөгөөд та тухайн эх сурвалжаа “отож” байгаагаа илчлэх бүдүүлэг авир гаргаж болохгүй. Өөрийгөө эелдгээр танилцуулж, ярилцах боломж эрэлхийлж байгаагаа эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй. Хэрэв эх сурвалж таныг хардаж, сэрдээд халгаахгүй байвал түүний танилуудаар дамжуулан харьцах арга хэрэглэж ч болно. Аливаа нэгэн компани, байгууллага, төрийн албан хаагч, албан тушаалтантай ярилцлага хийх хүсэлтээ албан ёсоор, ихэвчлэн тухайн байгууллагын хэвлэл мэдээллийн албаар дамжуулан илэрхийлэх шаардлагатай байдаг.  Ямар ч тохиолдолд эелдэг байхаа мартуузай.

Хэн нэгэнтэй уулзах, эсвэл утсаар холбогдохоосоо өмнө сэдвийнхээ гол агуулга, өнцгийг багтаасан богино хэмжээний танилцуулга үг бэлтгэх нь үр дүнтэй байдаг. Ингэхдээ өөрийгөө сэтгүүлч гэдгээ хэдийд илчлэхээ сайтар бодох хэрэгтэй. Ямар тохиолдолд өөрийнхөө мэргэжлийг нууцалж, өөр ажил эрхэлдэг (худалдааны төлөөлөгч г.м.) мэт жүжиглэх хэрэгтэй вэ? Тухайн “дүр”-ээ хэрхэн үнэмшилтэй харагдуулж, итгүүлэх вэ?
Энгийн уулзалтын дараа тухайн хүнээ ирээдүйд холбоо тогтоох эх сурвалж болгохын тулд хичээх хэрэгтэй. Ярилцах асуудлуудаа жагсаалт хэлбэрээр бичиж, төлөвлөгөө гарга. Эх сурвалжийн сонирхлыг яг юу татах бол? Тухайн хүнээ энэ талаар яриулахын тулд хэрхэн “өдөөх” вэ? Төрийн албан хаагч болон баарны үйлчлэгч хоёртой уулзах арга барил тань өөр байх уу? Хэрэв тийм бол юугаараа өөр байх вэ? Өдөр тутам нэгэн хэвийн ажил хийж байгаа хүмүүсийн оюуны чадамжийг битгий л дутуу үнэлээрэй! Мөн зарцуулах цагаа маш тодорхой, бодитойгоор төлөвлө. Тухайлбал, засгийн газрын гишүүний хувьд 15 минут ч урт хугацаа байх бол гэмтэж бэртсэн хүн өөрийгөө нээж ярихын тулд таны бүтэн өдрийн цагийг авч ч мэднэ.

Хэрвээ эх сурвалж чинь асуултуудаа урьдчилаад явуулахыг хүсвэл хэлснээр нь хийсэн нь дээр болов уу. Гэхдээ энэ нь ерөнхийдөө тийм ч сайн туршлага биш. Ярилцлагын үеэр хөндөж болох сэдвүүдийн ерөнхий тоймыг л явуулахыг бодоорой. Учир нь, асуултуудаа урьдчилж явуулснаар ярилцлага хиймэл, “модон” болох тал бий. Гэвч заримдаа, тухайлбал мэргэжилтнүүдээс тухайн сэдвээр илүү өндөр түвшний мэдээлэл авахын тулд асуултуудаа урьдчилан явуулж, тэдэнд бэлтгэх цаг, боломж өгөх хэрэг гардаг.  Ямар ч байсан илүү нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд ярилцлагынхаа дундуур нэмэлт асуулт асуух эрхээ үргэлж хадгалж  байгаарай.

Эх сурвалж тантай уулзахаас татгалзах боловч мэдэгдэл гаргаж өгөх тохиолдол бий. Үүнийг бүтээлдээ хэрхэн эвтэйхэн тусгах арга замуудын талаар эрхлэгчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв BBC-гийн томъёоллыг санал болгодог: “Бид ярилцлага хийх хүсэлт тавьсан боловч хэн нь ч боломжгүй байв, тэгээд дараах албан бичгийг ирүүлсэн” гэж тэмдэглээд албан бичгийг бүхлээр нь хавсаргадаг байна.

Хэрвээ эх сурвалж чамтай ярилцахыг хүсч байвал газраа зөв сонгоорой. Тухайн хүний гэр эсвэл ажлын байр нь тэдний “хөрс” учраас сэтгэлзүйн хувьд тав тухтай байх давуу талыг олгодог. Ингэснээр тэд илүү чөлөөтэй байж, таны хувьд тэднийг орчин нөхцөлтэй нь хамт харах нөхцөл бүрдэнэ. Танай ажлын байр таны сэтгэлзүйн хувьд илүү тухтай байж болох ч тэдний хувьд аюулгүй байдал нь хангагдаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх тал бий. Ярилцлага ямар байвал зүгээр вэ гэдгээ тодорхойлж, олон нийтийн газар байх уу, эсвэл нууцлагдмал газар байх уу гэдгийг сонгох шаардлагатай. Ямар орчин нөхцөл үүсгэмээр байна, эргэн тойронд чинь ямар төрлийн чимээ шуугиан байвал тохиромжтой байна гэх зэргийг харж, тухайн чимээ харилцан яриа бичиж авахад саад учруулах эсэхийг мөн бодолцоорой.

Албан ёсны уулзалтын хувьд нарийн мэдээллүүдээ утсаар өгөх, и-мэйлээр явуулах, факсдах зэргээр өгчихсөн байвал дараа нь ярилцагч тань “мартчихсан” гэж шалтаг тоочихгүй байх болно. “Танд эргээд мэдэгдье” гэдэг нарийн бичгүүдэд итгээд хэрэггүй. Хариу өгөх хангалттай хугацаа хүмүүст өг, тэгээд дахин залга. Шаргуу бай. Гэхдээ яршигтай биш.