1.2. Асуултуудаа урьдчилан төлөвлөх


1. Бүтэц

Ярилцлага чинь ихэнх талаараа бүтэлгүйтсэн ч өөрт шаардлагатай зарим мэдээллээ олж авах хэмжээний бүтэцтэй ярилцлага зохион байгуулаарай.

  1. 1.    Халаалт (амьд харилцаа эсвэл тааламжтай сэтгэгдэл төрүүлэх)
  2. 2.    Хүлээн зөвшөөрөгдсөн баримтуудыг агуулсан суурь мэдээлэл өгөх
  3. 3.    “Зөөлөн” асуултууд
  4. 4.    “Хатуу” асуултууд

2. Эхний үе шат

Эх сурвалж чинь хэдий хугацааны дараа өөрийгөө нээж, ярихад бэлэн болохыг тооцоол. Ярилцлагынхаа эхний үе шат буюу халаалтыг аль болох богино бөгөөд хөнгөн байлгахыг хичээж, аль болох хурдан гол асуудал руугаа орохыг зориорой. Ингэхдээ хүндэтгэлтэй, эелдэг байдлаа хадгалах нь чухал. –Ярилцлагынхаа логик дарааллыг сайн бодолцож, эхний хэсэгт өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ ойлгуулж, дараа нь илүү хүнд асуултуудаа асуухаар төлөвлөх хэрэгтэй. Асуултууд тань ойлгоход хялбар, тодорхой бөгөөд оновчтой байх ёстой.

Толгойг нь эргүүлж төөрөгдүүлэм эмх замбараагүй нэг урт асуулт асууснаас товч, тодорхой, нэг нь нөгөөгөөсөө улбаалсан хэсэг бүлэг асуулт илүү дээр. Тэдгээр асуултаа урьдчилан бэлтгээрэй. Олон утга бүхий хэд хэдэн асуулт нэг дор тавихаас зайлсхий. “Сайд аа, та тендерийн хууль бус үйл ажиллагааг мэдэж байсан уу? Та үйл явцад нь хяналт тавьсан уу? Яагаад ийм зүйл болов?” гэж асуувал нэгнийх нь л хариултыг авна. Ерөнхийдөө эх сурвалж чинь алинд нь хариулмаар байна, тэрэндээ л хариулна гэсэн үг.

3. Үгүйсгэсэн утгатай үг

Нэг өгүүлбэрт үгүйсгэсэн утгатай үг давхардуулан оруулахаас татгалз. Эс бөгөөс ойлгомжгүй байдал бий болно. Жишээлбэл:

“Та мөнгөө төлөөгүй гэдэг нь үнэн биш гэж үү?” Ийм асуултын хувьд мөнгө төлсөн, эсэх тухай, эсвэл мэдэгдлийн үнэн худлын тухай хариултын аль нь байж болно. “Та мөнгө төлөөгүй гэдэг нь үнэн үү?” гэвэл илүү ойлгомжтой, энгийн болно. “Та мөнгөө төлсөн үү?” гэвэл бүр ч илүү асуулт болно.

4. Суурь

Бататгах асуултууд оруулах хэрэгтэй. Та хариултыг нь хэдийнэ мэдэж байгаа асуултууд гэсэн үг. Эдгээр асуулт ярилцлагын суурийг бий болгож, танд эх сурвалжаа илүү ойлгох боломж олгоно. Хэрвээ эх сурвалж чинь асуултууд хэт энгийн байгаад гайхширвал хүнд хэцүү асуултаар довтлох хэрэггүй. Харин “Уншигчдад энэ бүхний тухай миний биш, таны юу гэж бодож, ярьж байгаа нь чухал шүү дээ” гэх мэтээр тайлбарлаж болох юм.

5. Нээлттэй vs. Хаалттай

Хаалттай асуулт (тийм/үгүй, эсвэл нэг үгээр хариулж болох асуулт) болон нээлттэй асуулт (ярилцагч өөрийнхөө санааг дэлгэрүүлэн тайлбарлах боломжтой) хоёрын ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Хаалттай болон нээлттэй асуултыг хольж, хаалттай асуултыг зөвхөн тулгаж асуухдаа л ашиглаарай.