2.2. Дүн шинжилгээ хийх, дахин боловсруулах


Та хэд хэдэн суурь судалгаа хийчихсэн, утсаар маш сонирхолтой ярианууд авчихсан. Мөн үйл явдлын гол өрнөл цэг болсон газарт очиж байдлыг ажигласан. Гэтэл, харамсалтай нь таамаглал чинь төсөөлснөөс тэс өөр байж болно. Шинэ тутам гарч ирсэн мэдээллийн мөрөөр таамаглал чинь үгүйсгэгдсэн ч гэлээ сэдвийг шинэчилж, дахин боловсруулахаас битгий айгаарай. Сайн эрэн сурвалжилгад уян хатан чанар хамгаас чухал байдаг. Анхдагч санаанаас няцахгүй, шинэ санаа, мэдээллийг хүчээр нэмээд, оруулаад байж болохгүй, шаардлагатай бол бүрмөсөн шинэчлэх хэрэгтэй.

Ингээд сууриа шинээр цутгасан бол судалгааг улам гүнзгийрүүлж, холбоо хамааралгүй мэдээллийг хасах хэрэгтэй. Мэдээж өөрийн хийсэн ажлыг үгүйсгэж, устгана гэдэг хүнд хэцүү зүйл. Гэхдээ ингэх л учиртай. Хуучин тэмдэглэлээ хадгалж, ирээдүйн сурвалжилгад ашиглаж магадгүй гэдгийг бодолц. Утга учир  бүхий албан ёсны эх сурвалжийн санаа бодлыг хайж, илүү сонирхолтой мэдээлэл, холбоосын хойноос хөөж явсан замаараа буцаад үзэх хэрэгтэй. Барьцгүй таамаг төсөөллийг  хөдлөшгүй, тодорхой баримт нотолгоо болгож чадах баттай мэдээллийг хайж эхэл. Ингэж чадвал  сэдвийг гүнд нь хүртэл ойлгох болно. Баталгаагүй мэдээллээс болж хууль шүүхийн хаалгыг татмааргүй байгаа биз дээ? Тиймээс нотлох, шалгах боломжгүй зүйлсийг зүгээр л мартаад үргэлжлүүл. Тэмдэглэл дээрх зөрчилтэй боловч эвлүүлж, нийлүүлж болмоор мэдээлэлд анхаарал хандуулж эрэл хайгуул хийх. Ийм мэдээлэлд таны эх сурвалжууд яаж хандахыг, юу гэхийг нь сонсоорой. Бүгдийнх нь хариулт, санал, сэтгэгдлийг бичиж аваад, зөвлөх, дарах, зурах зэргээр тэмдэглэгээ хийх байдлаар ажиллана уу.

Ажлынхаа явц, өрнөл зэргийг редактортоо байнга танилцуул. Шинэ төлөвлөгөөг чинь хүлээж авч орон зай бий болгох, эсвэл шинэ хуудсан дээр нийтлэх боломжийг олохын тулд ийнхүү тогтмол мэдээлж байх шаардлагатай. Үүнийг аль болох эрт хийх нь зөв. Мөн гүжирдлэг, гутаан доромжлохоос үүдэн ямар эрсдэл учирч болох, ямар хуулийн хариуцлагын өмнө зогсож болох талаар редактортоо эртхэн хэлчих нь зүгээр байдаг. Та бүгдийг хамгаалахын тулд сурвалжилга эцэслэгдэж дуусахаас өмнө редактор тань хуулийн зөвлөхтэй уулзсан байх ёстой юм.