1.4.1. Аюулгүй байдлаар и-мэйл ашиглах


Gmail, Yahoo, Hotmail зэрэг түгээмэл ашиглагддаг и-мэйл буюу электрон шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хувьд маш аюултай.  Учир нь, ихэнх электрон шуудангийн аппликэйшнүүдийн аюулгүй байдал, хувь хүний нууцыг хамгаалах стандарт маш сул байдаг.  ‘Gmail’ мэтийн хэрэгслүүд нь хакеруудын анхаарлыг их татдаг учир нь Google дээрх сайтууд нь маш түгээмэл байдаг шүү дээ. Ийм учраас та мэдээлэл дамжуулах хэрэгсэл болон мэдээллийн агуулгаа хамгаалах шаардлагатай байдаг.  Үүнийг та  хоёр шатлалаар гүйцэтгэх боломжтой.Та аливаа электрон  шуудангийн үйлчилгээг ашиглахаасаа өмнө дараах нөхцөлүүдийг судлаарай: 1) Өгөгдөлийн оролт, гаралтын хамгаалалт буюу (SSL) болон 2) Мэдээлэл дамжуулалтын хамгаалалт (TLS).

Энэ хоёр төрлийн аюулгүй байдлын үйлчилгээг үзүүлдэггүй электрон шуудангийн үйлчилгээг авах хэрэггүй. SSL болон ТLS нь нэг серверээс нөгөө сервер лүү онлайн дамжих таны и-мэйлийг шифрлэн кодлох замаар аюулгүй байдлыг нь хангадаг. Гэсэн хэдий ч таны тэрхүү и-мэйл шифрийн хамгаалалтгүй, цэвэр текст хэлбэрээрээ хоёр серверт хоёуланд нь хадгалагдан үлддэг. Энэ нь тухайн серверийн админууд таны и-мэйлийг үзэж, өөрчилж чадна гэсэн үг.

И-мэйлийн агуулгыг нууцлан хамгаалахад, Pretty Good Privacy (PGP) нь аюулгүйн сайн шийдлийг санал болгодог. Хэрэв та PGP ашиглан и-мэйлээ хамгаалсан бол хүлээн авагчаас өөр хүн үзэх боломжгүй. Харин сул тал нь ингэж и-мэйл явуулах нь амаргүй байдаг учраас тэр болгон их ашиглагддаггүй.

PGP нь нийтийн, хувийн гэсэн хоёр төрлийн түлхүүр үүсгэдэг криптографик систем юм. Энгийнээр тайлбарлавал нийтийн түлхүүрийг тухайн и-мэйлийг шифрлэн хамгаалахад, харин хувийн түлхүүр нь хамгаалалтыг тайлахад ашиглагддаг. Тэгэхлээр нийтийн түлхүүрийг хүн бүр эзэмшиж болдог ч хувийн түлхүүрийг зөвхөн тухайн хэрэглэгч л ашигладаг. Хэрэв та PGP хамгаалалттай и-мэйлийг өөр хэн нэгэнд илгээх болвол танд и-мэйлээ нууцлахад илгээгчийн тань нийтийн түлхүүр нь хэрэгтэй. Та энэхүү нийтийн түлхүүрийг нь илгээгчээсээ болон public key server-ийн аль алинаас нь авах боломжтой.

И-мэйл хүлээн авагч нь таны и-мэйлийг өөрийн хувийн түлхүүрийг ашиглан, холбогдох нууц үгээр нь тайлан уншина. Харин PGP-г ашиглахын тулд таны мэдээлэл хүлээн авагч мөн энэ үйлчилгээг ашигладаг байх ёстой.
Бидний зөвлөж болох и-мэйл үйлчилгээнүүд бол Thunderbird болон хүн бүхний мэддэг Microsoft Outlook бөгөөд PGPadd-ons үйлчилгээг үзүүлдэг. Хэрэв та Gmail гэх мэт өөр и-мэйл үйлчилгээнүүдэд PGP-г ашиглахыг хүсвэл Mailvelope-ийг ашиглаарай. Гэвч эдгээр нийтлэг хэрэглэгддэг и-мэйл үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд, PGP илгээгч, хүлээн авагч болон и-мэйлийн нэрийг нууцалж чаддагүйг анхаарах хэрэгтэй.

Дунд нь ямар нэгэн зуучлалын шат дамжлага ордоггүй илгээх серверээс хүлээн авах сервер хүртэл нууцлалтайгаар мэдээлэл дамжуулдаг өөр нэгэн и-мэйл үйлчилгээ  бол ProtonMail юм. Энэхүү үйлчилгээ ZKS-ээр зохиогдсон бөгөөд мэдээллийг ProtonMail серверт илгээхээс өмнө хэрэглэгчийн компьютерийг сүлжээтэй холбодог програм хангамжийг ашиглан и-мэйл болон хэрэглэгчийн мэдээллийг шифрлэн нууцална. Энэ и-мэйлийн үйлчилгээ үзүүлэгчийн серверүүд нь Швейцар улсад оршдог бөгөөд нууцлал нь SSL-д тулгуурлаж, харин PGP болон код нь open source байдалтай байдаг. Thunderbird болон үүнтэй ойролцоо хэрэгсэл болох Evolution-ы хоорондын ялгаа нь ProtonMail нь Evolution-ы зөвхөн клиентээр зогсохгүй, и-мэйл үйлчилгээ үзүүлэгч компани нь юм.