WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Эрэн сурвалжлах гэлтгүй аливаа мэдээнд үндсэн гурван бүтэц бий:

  1. (1)   Он дарааллын – Үйл явдал цаг хугацааны эрхээр задардаг, үйл явдлын дараалал, үйлдлүүд нь эрэн сурвалжилгын баримт болдог
  2. (2)   Хүүрнэл өгүүллийн – Нэг үйл явдлыг тодорхой хугацааны туршид дагадаг, үйл явдал ойлгомжтой болтол эрэн сурвалжилга хийдэг.
  3. (3)   Процесийн буюу үйл явцын – Яг ямар үйл явдал гэдгээс шалтгаалж асуудал, баримт нотолгоог нь хөнддөг.

Олдсон мэдээллүүдээ гол асуудал, хамааралтай оролцогч этгээд, зөрчилдөөн, болон ололт, илрүүлэлт гэсэн хэсэгт хувааснаар бичих ажил эхэлнэ.  Харьцангуй жижиг, богино хэмжээний эрэн сурвалжлах мэдээнд дээрх хэсгүүдийг эхлэл, төгсгөлтэй бичихэд хангалттай.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд чамин тансаг, уран зохиолоос илүү асуудал, баримт уншигчдад хэрэгтэй. Эрэн сурвалжлах мэдээг хэрхэн бичих тал дээр бичгийн мастеруудын зөвлөсөн олон янзын арга зам, жор байдаг. Эрэн сурвалжилга өөрөө мэдээллийн хувьд энгийн мэдээнээс  илүү ярвигтай тул зохих бүтэц, эмх цэгцэд оруулснаар уншигчдад хүргэх нь тэдэнд эмх замбараагүй мэдээллийг зөв шүүн тунгаахад тус болно.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хамгийн түгээмэл гурван бүтэц:

(A)    ‘Уолл Стрийт Журнал-ын дүрэм:

  1. 1.   Тухайн сэдэв болоод асуудлыг уялдуулахын тулд хэн нэг хүн эсвэл нөхцөл байдлаар эхлүүлэх,
  2. 2.   Хувь хүний жишээнээс асуудлыг ургуулан өргөн цар хүрээгээр авч үзэх, ингэхдээ хувь хүн,  сэдвийн хамаарлыг харуулсан  ‘нат граф’ загварыг ашиглах,
  3. 3.   Жишээ рүүгээ хүнд хүрэхээр өгүүлэмжтэйгээр шилжиж орох, тэсрэлттэй төгсгөл хийх.

(B)    Америкийн бичгийн мэргэжилтэн, Кэрол Ричийн хөгжүүлсэн ‘High Fives’ дүрэм:

  1. 1.   Мэдээ (Юу болсон эсвэл юу болоод байгаа вэ?)
  2. 2.   Суурь агуулга (Нөхцөл байдал нь ямар байгаа вэ?)
  3. 3.   Цар хүрээ (Энэ асуудал орон нутгийн шинжтэй юу эсвэл үндэсний хэмжээнийх үү?)
  4. 4.   Хязгаар (Асуудал хаашаа чиглэж байна вэ?)
  5. 5.   Нөлөө (Уншигчдад ямар хамаатай гэж?)

Энэ бүтцийг ашиглахад дээрх онцолсон таван хэсгийг хооронд нь уялдуулж, уусгаж өгөхийн тулд сайн бичих авьяас шаардагдана. Эс чадваас, таван тусдаа мэдээ шиг харагдах болно. Энэ бүтэц нь уншигчдад урт хэмжээний мэдээг зохимжтой хэлбэрээр ялган харуулах боломжтой тул цахим мэдээнд илүү тохиромжтой.

(C)     Пирамид

Уламжлалт мэдээнд урвуу пирамидын дүрэм буюу гол санааг эхэнд нь, дэмжлэг, жишээнүүд дараа нь гэх зарчмыг баримталдаг бол эрэн сурвалжлах мэдээнд пирамидийг эргээд зөв хэлбэрээр нь ашиглаж байна. Өөрийн олж илрүүлсэн бүхнээ уншигчдад хүргэхдээ доорх зарчмыг баримтална:

  1. 1.   Болсон үйл явдлын хураангуйгаар мэдээ эхэлнэ
  2. 2.   Зарим хэлэх гэсэн санаагаа задална
  3. 3.   Эрэн сурвалжилгыг алхам алхмаар ургашлуулна, энэ зуур хүлээлтийг бий болгосноор мэдээг хамгийн чухал нээлтийн зүг аажмаар чиглүүлнэ. Яг л нэг тайлагдашгүй уран зохиол, эсвэл шинжлэх ухааны нээлтийн талаар бичих гэж байгаа мэт байна.
  4. 4.   Хамгийн ноцтой чухал нээлтийг хамгийн сүүлд өгүүлнэ.

Эдгээр зөвлөмжид уран зохиолын бичлэгээс авах санаа ч багтсан болно. Хэдийгээр та шууд уран зохиол бичээгүй ч гэсэн зохиол бичихэд шаарддаг арга барилыг ашиглаж байна гэсэн үг. Тэгээд ч бүх сэтгүүлч л ямар нэг үйл явдлыг өгүүлэгчид гэдэг утгаараа зохиол туурвигчид биш гэж үү? Өөрийгөө сайн бас жинхэнэ үйл явдлын өгүүлэгч гэж харах нь бидний хүүрнэн өгүүлэх сэтгүүл зүй гэж нэрлээд байгаа орчин цагийн мэдээний үндэс юм.

Зохиолч Сюзан Итоны өгүүлснээр,

Хүүрнэн бичигчид хийж байгаа ажлаа бүрэн өөрсдөө хариуцдаг. Үйл явдлын дарааллаа бодож, жижиг хэсгүүдийг нэгтгэн том зургийг бий болгоно. Асуудлыг хэд хэдэн өнцгөөс бодож үзсэн байдаг. Сэдэвтэйгээ уялдсан судалгааны ажил ч уншина. Энэ бүгдийг нийлүүлээд уншигчдад хүргэхэд бэлэн болгоно. Тийн хүргэхдээ утга учиртай байлгаж, дарааллыг баримтална. Энэ бүгдийг хийж чадваас эргээд танд асуудлын аль нь сайн муу гэж шууд дүгнэх эрх биш ч гэсэн гол учгийг гаргаж харуулах эрх олддог. Гэхдээ энэ нь редакторын засвараас өөр асуудал. Та өөрийгөө учиг явдалд төөрөлдсөн олон хүнд гарцыг харуулж байгаа хөтөч гэж ойлгоход болно.

Дээрх 2 тодорхойлолт хоёулаа хүүрнэн өгүүлэх аргыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хамгийн тохиромжтой мэт харуулжээ. Гэхдээ анхаарах нэг зүйл бий. Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлч Денни Шехтер, Иракийн дайны тухай өгүүлсэн “Үй олноор хуурах зэвсэг” нэртэй кинондоо үйл явдлыг хүүрнэн өгүүлэх аргын сул талыг ийн өгүүлжээ. Нэг хүнд хэтэрхий төвлөрсөн үйл явдлыг өгүүлэх гэсээр байгаад Америкийн зарим хэвлэл мэдээллийнхэн асуудлын цаад том хүрээг нь олж хараагүй аж. Гэхдээ ингэлээ гээд хүүрнэн өгүүлэх арга муу гэсэн үг биш. Гагцxүү энэ аргыг хэрэглэх бол нөхцөл байдалдаа тохиромжтой эсэхийг нягталж, маш чадварлаг хийгээд мэдрэмжтэйгээр гүйцэлдүүлэхийг сануулж буй хэрэг юм.

Сэтгүүл зүйн дараах хүүрнэн өгүүлэх арга хэрэгсэл байна:

Хөрөг ба дүр зургийг бий болгох: Хэрвээ та Уолл Стрийтийн аргыг сонгохоор байвал нийт эрэн сурвалжлах ажиллагааны туршид маш няхуур ажиллах хэрэгтэй болно. Юуны түрүүнд уншигчиддаа итгэл үнэмшил төрүүлэхүйц эх сурвалж, үзэгдэл сонгож авна. Гэхдээ энэ нь юм болгоныг дүрсжүүлж баримтжуулж аваад бай гэсэн үг биш, харин өгүүллийг чинь баяжуулах цөөн тооны чанартай гол зүйлсийн барьж ав гэсэн үг юм.

Сэжүүр: Үйл явдлыг хүүрнэж байхдаа анхнаасаа уншигчдад энэ бүхэн хаа хүрэхийг ойлгуулсан гол сэжүүрүүдийг өгсөн байх нь зүйтэй. Ялангуяа мөнөөх пирамидын загварыг ашиглавал ийм шаардлага тун их. Төгсөх хүртлээ уншигчийг залхаахгүй, хүлээлттэй байлгах учиг сэжүүрийг хэрэглэх ёстой юм.

Хурд, бүтэц, үг: Бичих урлагт зохиолын өрнөлийн хурд чухал. Ямар үг бүтэц сонгосноос шалтгаалж зохиол хэр хурдан удаан хөврөх нь тодорхой болно. Товч өгүүлбэр, үгийн сонголт зохиолыг хурдан өрнүүлнэ. Урт бол арай удаашруулна. Нэг параграфад хэтэрхий их онолын мэдээлэл багтаавал өгүүлбэр нь богино байсан ч уншигчийн унших, ойлгох хурд саарна. Хэтэрхий нуршуу эхлүүлбэл, сурвалжилга дуусахаасаа өмнө уншигчийг залхаана. Энэ үгийг нэмлээ гээд мэдээнд үнэ цэнэ нэмэгдэж байна уу гэж өөрөөсөө ямагт асууж байгтун. Шаардлагагүй үгсийг үргэлж хасах нь зөв.

Бичсэн сурвалжилгаа өөрөө өөртөө уншиж өгвөл хурд, өрнөлийг өөрөө мэдэрч чадна. Мэдээ хаанаа хэцүү, ойлгоход төвөгтэй нуршуу болж байгаа нь ч мэдрэгдэнэ. Өөрийн тань чих хамгийн мэргэн хянан засварлагч байх бөгөөд бичгийн үндсэн чадвараасаа гажсан, хэллэг тань ойлгомжгүй, урт, буруу байгаа тохиолдолд соргогоор олоод мэдчихнэ. Мэдээгээ харилцан яриа мэт, тэр нь уншигч та хоёрын хоорондох ойлголцлын асуудал яриагаар болж байгаа мэт өнцгөөс харж бичихийг хичээгээрэй. Гэхдээ ярихад дуу хоолойны өнгө, биеийн хэл, нүдний харц, царайны хувирал гээд бичгээр илэрхийлэх боломжгүй олон хүчин зүйлс ордог болохоор бичих ажилд илүү зүтгэл орж байж л сая санааг илтгэнэ. Дүрмийн алдаагаа засаад, цэг таслалаа зөв ашиглаж, цаасан дээр үлдэх мэдээ төдий биш хэн нэгний амнаас гар, нүд, царайны булчинг ашиглан хэлэх үг гэж бодон давс хужрыг нь тааруулах нь зүйтэй.