1.4. Баримт мэдээлэл дэх бусад санаа


Өргөн хүрээнд унших нь тухайн баримтуудын талаар шинэ санааг олж авч, мэргэжлийн ур чадвар, бичих техникээ сайжруулан нэмэгдүүлэхэд их чухал байдаг. Сурвалжилж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй хандаж, сэдвийн  талаар гарсан бүхнийг нягтлан уншиж байгаа нь таны ажил мэргэжилдээ хүлээсэн үүрэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбар дахь үйл ажиллагааны үндэс суурь байдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгүүлчид уншилгүйгээр аливаа тогтолцоо хэрхэн ажилладгийг ойлгож чадахгүй. Улмаар тогтолцооны хаана алдаатай зүйлс байгааг илрүүлж чадахгүй. Та бэлэн олдсон мэдээллийг боловсруулахад цагаа бүү үр! Харин мэдлэгийн чинь хүрээг тэлэх шинэ мэдээ мэдээллийг тасралтгүй эрж хайдаг байх хэрэгтэй.

Эрэн сурвалжлах сэтгүүлч, эрхлэгчдийн холбооны (IRE) гүйцэтгэх захирал асан  Брант Хьюстон тус холбооноос гаргасан гарын авлагад орон нутгийн сонин эрэн сурвалжлах баримтуудыг маш ихээр агуулж байдаг тухай сэтгүүлчдэд сануулсан байдаг. Хууль ёсны дагуу хийгдэж байгаа бүх төрлийн төлбөртэй зарын цаана хууль бус гэрээ хэлцэл, дуудлага худалдаа, тендер, барьцааны хөрөнгийн луйвар, нэрээ нууцалсан эрхмүүд байдаг.

Түүнчлэн, орон нутгийн сонинууд засгийн газрын шинэ төсөл, бүтээн байгуулалт болон орон нутгийн шүүхийн шийдвэрүүд зэрэг сонирхолтой мэдээ баримтуудыг хүргэж байдаг.  Та эдгээр сониноос согтуугаар жолоо барьсан сургуулийн автобусны жолооч эсвэл дэлгүүрээс хулгай хийсэн санхүүгийн ажилтны нэртэй ч таарч  болох юм.

Сэтгүүлчдийн анхаарлыг баримттай хэвлэгдсэн зүйлс маш бага татдаг. Уг нь уншигчдын судалгаа тэд ямар сэдвийг илүү сонирхож байгааг тогтмол үзүүлж байдаг. Уншигчид энэ үйл явдлын дараа юу болох, яагаад энэ зүйл болсон, энэхүү өдөр тутамд дурдагддаг мэдээллийн цаана бодитоор юу болж байгааг мэдэхийг хүсдэг. Та ‘яагаад’ гэдэгт хариулдаггүй, эсвэл зөвхөн асуудлын нэг өнцгийг барьдаг телевизийн мэдээллийг онцгойлон анхаар.  Дэлхий дахины эсвэл орон нутгийн хэмжээний тэмдэглэлт өдрүүд, арга хэмжээ гэх зэрэг ойлгомжтой, анхаарал үл татах мэдээллийн цаана халхавчлагдсан бусад зүйлийг эрж хайх хэрэгтэй.

Албаны хүмүүс, төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ ихэвчлэн нэг хэвийн, улиг болсон бичлэгтэй байдаг. Олон сэтгүүлч энэ тайлан мэдээг сонирхолтой  баримтын эх сурвалж гэж харахаас илүү ердийн ажлын хэрэгсэл болгон авч үздэг. Гэвч эдгээр тайланг анхааралтай ажиглаж чадвал та  эрэн сурвалжлах хэмжээний шинэлэг, чадварыг тань сорьсон мэдээллийг олж авч болно. Нөөц боломжийн дутагдал байх, эсвэл газарзүйн бэрхшээлтэй холбоотойгоор та гадаад хэвлэл, вебсайтууд руу тэр бүр орох бололцоогүй байж болох ч  эрэн сурвалжлах сэтгүүлчид өөрсдийгөө мэдээллээр хангаж болох бүх сувгийг ашигладаг байх хэрэгтэй. Элчин сайдын яам, төрийн бус байгууллагуудын олон төрлийн мэдээллийн сүлжээ нь ихэвчлэн үнэ төлбөргүй уншлагын танхим, номын сан, интернет кафетай байдаг.  Хэрэв үүнээс өөр арга замгүй бол сэтгүүлчид энэ газруудад аль болох их очиж мэдээлэл авах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм.

Хэрэв Та интернеттэй бол  иргэдийн үзэл бодол, асуудал дэвшүүлсэн байр суурьтай танилцахын тулд мэдээний сайтууд, твиттер, фэйсбүүк гэх мэт  нийгмийн сүлжээнд тогтмол ханддаг байх хэрэгтэй. Твиттер нийгэмд өрнөж байгаа асуудлын талаар хамгийн сүүлийн үеийн, хангалттай хэмжээний анхан шатны мэдээллийг өгдөг. Энд төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл огцом өөрчлөгдөн хувирч байдаг эрүүл мэнд, шинжлэх ухааны салбаруудын чухал мэдээллүүд бий.  Хөгжил муутай улс орны сэтгүүлчид ретровирусын эсрэг эм туршигдаж, Америк, Европт амжилттай нэвтэрснээс хойш хэдэн жил өнгөрчихөөд байхад ч ДОХ өвчинд үр дүнтэй эмчилгээ байхгүй талаар мэдээ бичсээр суудаг. Сэтгүүлчид мэдээлэл авах хэрэгсэлгүй буюу интернет ашиглах боломжгүй учраас л ийм нөхцөл байдалд орсон байдаг.  Тиймээс тэд энэхүү чухал эрүүл мэндийн мэдээг иргэдэд хүргэхэд  илүү их цаг  хугацаа зарцуулдаг. Энэ эмийг авч хэрэглэх иргэдийн эрх тэр хүртэл хаалттай хэвээр байдаг.