1.2.1. Эх сурвалжийн сүлжээ бий болгох



Эрэн сурвалжлах судалгааны үр дүнд тухайн үйл явдал өрнөлтэй холбоотой “цогц” эсвэл “зөрчилдөөнтэй” мэдээллийг агуулсан хамгийн тохиромжтой эх сурвалжийг тодорхойлсон байх ёстой. Үүний тулд зөв эх сурвалжийг олох хүртэл “харилцаа холбооны мод” зурах эсвэл “оюун санааны зураглал” хийх аргыг ашиглах шаардлагатай. Суурь мэдээлэл, баримт нотолгоо аль алинд нь шаардлагатай эх сурвалжийн мэдээллийг жагсаах нь төлөвлөгөөний нэг хэсэг болох учиртай юм.

“Оюун санааны зураглал” хийхдээ эх сурвалж бүрийг сумаар холбохоос гадна эх сурвалжтай холбоотой дүгнэлт мэдээллийг хавсаргана. Түүнчлэн эдгээр нэмэлт мэдээллийг хоорондоо зөрчилдөж байгаа, эсвэл нийцэж байгааг нь тодорхойлж “хөрөө” хэлбэртэй шугамаар холбох боломжтой. Зөрчилдөж байгаа мэдээлэл нь илүү анхаарах шаардлагатай буюу “үр өгөөжтэй” мэдээлэл байх магадлалтай гэж үзэж болно. Тиймээс “Яагаад?” зөрчилдөж байгааг байнга өөрөөсөө асуугаарай. Ингэж чадвал сэдэвт чинь “хөл ургаад” зогсохгүй “далавчтай” болж байна гэсэн үг юм. Хэдийгээр эрэн сурвалжилгад гэнэтийн саатал гарч, ихээхэн цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг ч ямагт гол  өнцөгтөө анхаарал хандуулж, сэтгүүл зүйн зарчмыг баримталж байгаарай. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн амин сүнс болох “хоточ нохой”-н үүргээ сахиж, нийгмийн “чимээгүй” хэсгийг төлөөлж, дуугарч байх ёстойгоо санагтун.

Марк Ли Хантер болон Люк Сенгерс нар мэдээллийг  “Оюун санааны зураглал” хэлбэрт оруулж, эмх цэгцтэй болгоход шаардлагатай дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • >   Үйл явдлын он, цаг тооллын дарааллыг гаргах (хэзээ, хаана, хэн, юу гэж ярьсан, юу хийгдсэн гэх мэт); эдгээрийг дараалалд оруулснаар хэрэгтэй баримтыг, хүссэн үедээ ялгаж харахад тус дэм болно
  • >   Эх сурвалжын жагсаалт гаргах (холбогдох утас, хаягийг нь жагсааж, нууц байлгах, сайтар хадгалаарай)
  • >   Бусад хүмүүстэй хамтран хэрэгжүүлэх зүйлсийн жагсаалт гаргах (хийж буй ажлыг чинь хэн сайн ойлгож, чамд туслах вэ?)
  • >   Хүмүүс хоорондын харилцаа хамаарлын диаграм зурах
  •   Амин чухал шаардлагатай баримт, материалын жагсаалт гаргах (байгаа, байхгүй гэдгийг нь ард нь тэмдэглэх)
  • >   Баримт, материалаа бичгийн хэлбэрт буулгах, компьютер ашиглаж байгаа бол тус мэдээллийг олж болох холбоос хаягийг жагсааж хадгалах
  • >   Баттай болсон баримт, мэдээллийг тодруулах (ялгах тэмдэг тавих)
  • >   Бусад баримт материалыг  ямар хэмжээнд бүрдсэн байгаа явцыг тэмдэглэх
  • >   Шинэ санаа болгоныг тэмдэглэх дэвтэртэй явах