Гадаад улсад төрийн эсвэл хувийн хэвшлийн мэдээллийг олон нийтээс нууцалж, Нууцын тухай хууль, Терроризмын эсрэг хуулиар далайлгах эсвэл төрийн албан хаагчид зүгээр л нээлттэй болгохыг хүсдэггүй. Европт төрөөс бизнесийн салбарт өгдөг татаасыг мэдээллийн эрх чөлөөний үүднээс хүлээн зөвшөөрөхийн тулд долоон жил (2000-2007 он) зарцуулсан юм. Бизнесийн салбарт өгдөг төрийн татаасыг юунд зарцуулдгийг Европын ард түмэнд ойлгуулахын тулд зургаан улсын сэтгүүлчид хамтран ажиллаж, тухайн мэдээллийг түгээхийн тулд шүүхэд гомдол гаргасан. Үр дүн нь төсөөлснөөс илүү байсан . Төрөөс татаас авсан нэрсийн жагсаалтыг томоохон аж үйлдвэрийн эзэд, хааны гэр бүлийн гишүүд тэргүүлсэн ажээ. Жижиг эсвэл эрсдэлд байгаа компаниуд биш тэдний өндөр ашиг орлоготой компаниуд татвар төлөгчдөөс бүрдүүлсэн хэдэн сая фунт стерлинг, евро авсан байлаа.
Нээлттэй бүртгэлийн тухай хууль тогтоомж бараг бүх улсад байдаг ч үр дүнтэй хэрэгжүүлэхэд асуудал тулгарсаар байна. Сэтгүүлчид хэрэгцээтэй мэдээллээ авахын тулд цаг ямагт шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Нэг хууль бол хаалга онгойлгоход л тусална, гэтэл сэтгүүлч хаалга хүрэх замаа олж, онгойтол тогших болдог. Үүний тулд холбогдох хууль тогтоомжийг сайтар ойлгох шаардлагатай.
Хэрэв та мэдээллийн тухай хууль байхгүй улсад амьдардаг бол Нууцын тухай хуулиар бүхнийг хориглодог нөхцөлтэй тулгарч магад. Иймээс төрийн алба эсвэл хувийн хэвшлээс мэдээлэл авахдаа бэрхшээлтэй таарна. Цаашилбал, төрийн албан хаагчдад мөнгө төлж хэрэгцээтэй баримтаа авахаас өөр замгүй байж мэднэ. Та мэдээлэл авахын тулд мөнгө төлөх болвол үүнээс хэрхэн зайлсхийх вэ? Мэдээлэл авахын тулд хууль тогтоомж, туршлагатай хашир нэгэнтэй нүүр тулах хүнд хэцүү урт зам таныг хүлээж байна.
Хэрэв танай улсад Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж үйлчилдэг бол мэдээлэл авахын тулд дараах зарчмыг удирдлага болговол зохино:
- > Тухайн сэдвээр алба хаагч эсвэл мэргэжилтний зүгээс ямар зүйл нийтэлсэн байгааг олох, холбогдох баримтаа үзүүлэх туршуултай болох
- > Тухайн мэдээлэл “ил тод” байгааг юуны өмнө нягталж хэвших. Заримдаа хэсэг хүмүүст хүргэдэг судалгаанд нууц баримт бичгийг эшлэл хэлбэрээр хураангуйлж оруулсан байдаг.
- > Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сүүлийн алхам байдлаар ашиглах. Та зүй ёсны байж болох бүх аргыг ашигласны дараа мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу баримт бичиг шаардвал гомдол улам илүү баталгаатай болно.
- > Алсыг харж төлөвлөх: Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн журам нь удаашрах боломжтой тул маргаашийн дотор өөрт хэрэгцээтэй баримт бичгийг авахад хэцүү болж магад. Иймээс хамгийн зөв мэдээлэл агуулагч этгээдийг танин мэдэж, хандах.
- > Баримт бичиг авахын тулд нэр эсвэл дэс дугаарыг тодорхой хүсэлт тавих. “Өөрт байгаа бүхнээ” өгөхийг хүсвэл үр дүн гарахгүй.
- > Өөрийн хүсэлтээ баримт болгон хадгалах, хүлээн авсан хариултдаа маш болгоомжтой хандах. Өөрийн ажлыг баталгаажуулан хадгалснаар та эрх баригчдын зүгээс Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг гуйвуулж, хэрэгжүүлдэггүй гэдгийг мэдэхээс гадна ямар нэгэн зүйл нууж байна гэдгийг нотлох боломжтой.