Яагаад, юуны учраас асуудал буруугаар эргэсэн, үүнийг хэн хариуцах талаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйд чанарын үзүүлэлт зонхилдог. Гэсэн ч эрэн сурвалжилж бичсэн түүх бүрт тооны мэдээлэл орсон байдаг. Төсвийн алдагдал хэр их байсан бэ? Манай улсад хууль бус агнуурын тоо хэд вэ? Жил бүр хэдэн өвчтөнг эмнэлэг хүлээн авдаггүй вэ?
Багахан үзүүлэлтээс том тоог тайлбарлан илэрхийлэх, хувьд шилжүүлэх зэрэг хялбар үйлдлээр тоог учир утгатай болгохоо та мэддэг байх хэрэгтэй. Тоонд үнэхээр дуртай хүмүүс сэтгүүлч болоогүй байдаг. Тоо бол хэцүү зүйл биш төдийгүй эрэн сурвалжлах түүх бичих үндэс юм.
Олон хүн өөрийгөө тооцоолох ямар ч ур чадваргүй хэмээн сэтгэж, амьжиргааны зардлаа төсөвлөх, галт тэрэгний тийз улирлаар авах, төлбөр нэмсэн талаар тохиролцох зэргийг өдөр бүр өөртөө хэцүү аргаар боддог. Математик зааж байгаа ихэнх сургуулийн арга нь хүүхдийг айдаст автуулж, математикийн шинжлэх ухааны үзэл санааг бодит амьдралд ашиглаж сургаагүй байдаг.
Сэтгүүлчдэд хэлэх сайн мэдээ бол хэвлэл мэдээллээр харуулах тоо нь хэрэглээнд голчлон анхаарч, маш хүчтэй чанарын мэдээлэл (хэн тоон мэдээ цуглуулдаг, хэрхэн, яагаад гэдгийг ойлгох) болдог. Та үндсэн ойлголттой байх шаардлагатай. Жишээлбэл, та сувилагчийн ажлын байрны тодорхойлолт, ажлын үр өгөөжийг нягтлахыг хүсвэл тухайн салбарын мэргэжилтэнтэй хамтарч болох бөгөөд тэр танд “ажлын нэг өдөр”-ийн цагийн хуваарийг мэдэхэд тусална.
Ажиглалт, ярилцлагаар олж авах зүйлсийн тухайд:
- ? Ямар ажилд хамгийн их цаг зарцуулдаг вэ? Сувилагч цаг хэмнэх боломжтой юу? Ямар боломж байна вэ? Сувилагч цагийн хуваарийн дагуу ажиллахад хэт их ачаалалд орж байна уу?
- ? Сувилагчийн ажлын байрны тодорхойлолт нь эмнэлэгт ирэх өвчтөнүүдийн дундаж тоотой уялдаатай юу? Нэг өвчтөнд хэр их хугацаа зарцуулдаг вэ?
Үүнтэй адил агаарын чанарыг шинжлэх тохиолдолд агаарт байгаа бохирдуулагчийг мэдэх, эдгээр нь эрүүл мэндэд аюултай эсэх, ямар түвшинд хүрвэл хор хөнөөлтэйг эмнэлгийн мэргэжилтэнгээс асууна. Өөрийн улсын агаарын чанарын индексийг бусад улс орныхтой харьцуулаарай. Агаарын чанарын индекс нь удаан хугацаанд үзүүлэлт өөрчлөгдөөгүй, эсвэл бохирдлын түвшин тогтмол өсдөг, байх ёстой стандартаас доогуур ч байж мэднэ! Сэтгүүлчийн ажил бол эдгээр тоог тайлбарлах, асуудал улам ноцтой болж байгаа эсвэл анхаарах төдий эсэхийг тодорхойлоход оршино. Тоо дангаараа хангалттай байдаггүй. Одоогийн нөхцөл байдал буюу “Яагаад тухайн асуудалд анхаарах болсон бэ?” гэдэгт таны бүтээл оршиж магад.
Тухайлбал, Цаг агаарын тухай тоон мэдээ нь олон улсын хувьд хамгийн удаан цуглуулсан статистик мэдээлэл байдаг. Африкт колонийн үеийн эрх мэдэлтнүүд хамгийн анх тоон мэдээг бичиж тэмдэглэсэн бөгөөд үер, ган гачгийн талаар уламжлалт аман түүхээс эрж хайх боломжтой. Азийн олон улсад цаг агаарын үзүүлэлтээр мэдээллийн сан бүрдүүлсэн байдаг. Зүүн өмнөд Европт албан ёсоор цаг агаарын бүртгэлийг XIX зууны сүүлчээс эхлүүлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийг эрэн сурвалжлах үед танай улсад үер, ган тохиолдоогүй байж болно. Тэгвэл цаг агаарын үзүүлэлт хэрхэн хэлбэлзэж байгааг харьцуулан, шинжлэх нь зүйтэй.
Бүтээл бичихдээ үргэлж ямар мэдээлэл илүү ач холбогдолтойг эрэлхийлээрэй. Зарим хүн танд сэжүүр өгөх ч та сэдвийг бүхэлд нь судлах ёстой. Эрэн сурвалжлах бүтээлийн санаа нь ном уншиж байхад, санамсаргүй сонссон ярианаас эсвэл хэвлэлийн мэдээнээс төрж болно. Хэвлэлийн мэдээнд тоо баримтыг дурдахдаа задалж дүгнэхээс илүү олны нүдэнд өртөхөөр тод бэлддэг. Хэвлэлийн мэдээнээс ч та эрэн сурвалжлах бүтээлийнхээ үндсэн мэдээллийг авч, улам томруулан бичих боломжтой. Сайн эрэн сурвалжлах сэтгүүлчид сэжүүрийг олж хардаг. Харин тоо, бүдүүвч, хүснэгт зэрэг тоон мэдээнд эргэлзэж байгаарай. Эдгээр нь чухал харагдах ч тус мэдээллийг боловсруулсан арга, судалгааг хэрхэн хийсэн, түүврээ яаж авсан, хэн санхүүжүүлсэн, хэвлүүлсэн, ямар нэгэн нарийвчилсан мэдээлэл орхисон эсэхийг эрэн сурвалжлах сэтгүүлчийн хувьд заавал асуугаарай.