1.1.1. Мэргэжилтэн


Түүхч, судлаач, хуульч, инженер гэх мэтчилэн бараг бүх салбарт мэргэшсэн  мэргэжилтэн байдаг. Корпорацийн хэргийг судлах үедээ (үндэстэн дамнасан корпорацийн үйл ажиллагаа гэх мэт) тохирох мэргэжилтэнг олох нь маш чухал. Яг л тус компанид ажилладаг хүнийг олохтой адил. Юуны өмнө тэрээр хэрхэн ийнхүү мэргэшин туршлага хуримтлуулсан, таны эрэн сурвалжилж байгаа үйл явдалд оролцсон эсэхийг тодруулвал зохино. Таны судлах сэдвээр нэг салбарын өөр өөр мэргэжилтэнгүүд шинэ санаа өгч магад. Та хүний эрхийн зөрчлийг бичиж байгаа тохиолдолд хуульч, цагдаа, эмч, байцаагчийн байр суурийг бүтээлдээ оруулсан эсэх нь хүний эрхийн үзэл санааг дэмжигчдийн хувьд чухал байж болно.

Харин бүх мэргэжилтэн адил байр суурьтай эсвэл найдвартай байдаггүй. Мөн итгэж болох бусад сэтгүүлчдээс зөвлөмж авч, тухайн хүнээ интернэтээс судлаарай. Судлаачид арилжааны зорилгоор санхүүжилт авч судалгаа хийдэг, мөн лоббичин байдлаар аль ч талд ажиллаж мэдэх тул тэд хэний төлөө судалгаа хийдэг болохыг олж мэдээрэй. Тэдний судалгааны эцэст ямар шүүмж өгүүлсэн, тодорхой салбарын хүрээнд ямар ярвигтай санааг илэрхийлэн сайшаасан эсвэл шүүжилсэн болохыг санаарай. Найдвартай  мэргэжилтэн байсан ч түүний хувийн байдал болон түүний тайланг хүртэл нягтлан шалгах хэрэгтэй. Хэрэв цөөнгүй  мэргэжилтэн санал нэгдэхгүй тохиолдолд уншигчдад зориулан нөхцөл байдал юугаараа ялгаатай байгааг харуулах  хэрэгтэй. Түүнчлэн зарим мэргэжилтэнгүүдийн байр суурь үнэхээр жин дарсан учраас та тэднийг байр суурийг харуулсан боловч энэ нь  буруу нотолгоо байж мэднэ. Мэргэжилтэнгүүд тэнцүү хуваагдсан тохиолдолд үүнийг тайлбарлах боломжийг уншигчдад үлдээвэл зохино. Хэвлэл мэдээлэл дэлхийн дулаарлын талаарх мэтгэлцээнийг тэнцвэртэйгээр харуулсаар ирсэн. “Дэлхийн дулаарал гэж үгүй” хэмээн мэтгэлцэж байсан  “мэргэжилтэн” бол эрчим хүчний лоббичдын төлбөр төлсөн хэвлэлийн төлөөлөгчид байсныг бид саяханаас мэдсэн. Үнэндээ олон жилийн турш дэлхий дулаарал үргэлжилж, аюултай байгааг илтгэсэн шинжлэх ухааны нотлох баримт үлэмж их байсан юм.

Олон улсад төрийн байгууллага бол, мэдээллийн хамгийн найдвартай мэргэжлийн эх сурвалж гэж тооцох нь бий. Хараат бус судалгааны тайлан, маш тодорхой хурлын тэмдэглэл, шүүхийн ажиллах журам, бүртгэл бүхий баримтыг олох хүртэл их хол зам туулсан билээ. Ач холбогдолтой зөрчилдөөнтэй сэдвээр эрэн сурважилга хийж байгаа бол, гэнэн бас аюултай таамаглалыг батлахад хүрнэ. Төрийн албан хаагчид бусад мэргэжилтэнгүүдийн адил зөв юм уу буруу хариулт өгч магадгүй. Тэд тухайлсан асуудлаар мэдээлэл өгөхдөө  төрийн дарамттай нүүр тулсан байж болзошгүй. Бусад эх сурвалжийг үнэлэхдээ түүнд энэ тухай ярих сонирхол байгаа эсэх болон мэдээллий агуулгыг анхаараарай. Түүнчлэн  мэргэжилтэнгүүд  маш мэдлэгтэй бөгөөд өрөөсгөл хандсан хий хоосон мэт таамаглал дэвшүүлж болно. Гэхдээ тэдний таамаглал зөв байж ч болно гэдгийг анхаараарай. Мэргэжлийн бус хүнээс авсан мэдээлэлтэй адил хоёр дахь эх сурвалжаас тэдний өгсөн бүх мэдээллийг нягтлаарай. Аль болж өгвөл төрийн байгууллагын мэргэжилтэнтэй албан бус байдлаар, тусгайлан цаг авах журмыг мөрдөлгүйгээр ярилцаарай. Ийм байдлаар ярилцснаар эшлэх боломжгүй боловч таны бүтээлийн хүрээг тэлж өгнө.

Бид олон улсын байгууллагын тайланг бодлого боловсруулахад ашиглах эх сурвалж хэмээн хардаг тогтсон хандлагатай. Гэтэл тэдний зүгээс танай нутгийн эсвэл ажиллаж байгаа улсаас хэрэгтэй хүнтэйгээ холбоо барих мэдээллийг таньд өгч чадна. Тэд танд туслах үүрэг хүлээгээгүй ч, тэдний ашиг сонирхолд нийцсэн асуудлаар та эрэн сурвалжлаж байгаа гэдгээ ойлгуулж чадвал бүрэн дэмжих боломжтой. Нөгөө талаас хандивлагч байгууллага (бусад байгууллагын адил), бусад агентлаг өөрийн бодлого, зарчимтай бөгөөд түүнийгээ чанд даган мөрдөж, байгууллагаа бэхжүүлдэг. Та тэдний санал, мэдээллийг бүтээлдээ тусгахаар бол тэнцвэржүүлэх шаардлагатай бөгөөд өөр эх сурвалжтай ярилцах хэрэгцээ гарна.

Та сэдвээ бэлдэж байгаа, эсвэл аль хэдийнэ мэдээлэлтэй гэж дүгнэсэн бол холбоо барих зарим хүнээ “алгасч” болно. Та үүнийг хувийн сүлжээгээ ашиглах, эрэн сурвалжилсан бүтээлээ урьдчилсан байдлаар нийтлэх замаар гүйцэтгэх боломжтой. Энэ үед шинэ хүмүүс нэмэлт мэдээлэл сайн дураар өгөх, нэг бол эргэлзээт эх сурвалж таны түүхийг “зөв” болгоно. Хоёр үзүүртэй зүү мэт энэ тактикт давуу, сул тал байх учир болгоомжлоорой. Таны шүүмжлэлийн талаар хүмүүс мэдэж, өөрийн нотлох баримтаа нуух, эх сурвалжийг чимээгүй болгох, таны эсрэг гар мухардуулах арга хэмжээ ч авах боломжтой шүү.

Таны эрэн сурвалжилгын үнэн мөнийг батлан даах мэргэжилтэн олдохгүй бол та урагшлахгүй гэсэн үг. Та тохиромжгүй  мэргэжилтэнгээс асуусан, эсвэл буруу асуулт тавьсан бололтой. Бүтээлдээ ялгаатай байр суурийг тусгах нь таныг хэвшмэл ойлголтгүйг харуулах учир эрс тэс бодолтой мэргэжилтэнгүүд тантай уулзах сэдэл төрүүлж мэднэ.