2. Ярилцлагын Үеэр Биеэ Хэрхэн Авч Явах Вэ?

2. Ярилцлагын Үеэр Биеэ Хэрхэн Авч Явах Вэ?


Сэтгүүлчид ихэвчлэн өөрсдийн ажилладаг “муу хэвлэл”-ээс болж зовлонд унадаг. Тэд хэрэгт дурлаж, шуугиан дэгдээдэг, сөрөг хүчний талд ажилладаг хүмүүсийн нэр хүндийг унагадаг, ажлаа хийж байгаа хүмүүст саад учруулдаг, хүндлэл мэддэггүй гэх мэт муугаар хэлүүлдэг. Ийм зэмлэлүүдийн зарим нь үнэхээр үндэслэлтэй байдаг юм. Сөрөг сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд боловсон, ёс зүйтэй байхад л хангалттай. Бусдад бүдүүлэг хандаж, боломжгүй зүйл шаардаж болохгүй. “Би чам руу өдөр шөнө хамаагүй хүссэн үедээ залгах эрхтэй, харин чи надад миний хүссэнийг хэлж өгөх ёстой” гэсэн шиг аашлаад байвал та мэдээж  өөртөө дайсан л бэлдэнэ.

Ихэнх хүн өөрийгөө эелдэг, шударга гэж бодох дуртай. Тэгвэл эх сурвалжтайгаа ийм харилцаа үүсгэхээс эхэлж яагаад болохгүй гэж? “Энэ яаж ажилладаг тухай надад тайлбарлаад өгөөч”, эсвэл “Та нийгмийн сайн сайхны төлөө энэ асуудлыг тайлбарлаж өгч тусална уу?”, эсвэл “Агаарын бохирдол хүүхдүүдийн амь насанд аюул учруулаад байна. Та надтай энэ тал дээр хамтран ажиллахгүй биз?” зэргээр эх сурвалждаа хандаж, асуух нь үр дүн өгдөг. Тухайн мэдээллийг хуваалцах нь олон нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө гэдгийг л ойлгуулж чадвал ихэнх эх сурвалж сэтгүүлчдэд туслахад бэлэн байдаг.

Энэ нь зөвхөн стратегийн асуудал ч биш юм: “Дөрөв дэх засаглал” мэтийн нүсэр нэрээр бид өөрсдийгөө цоллодог боловч үнэндээ нэг ч сэтгүүлч улс төрчдийн үйл ажиллагааг хянахын тулд ардчилсан сонгуулиар сонгогдож байгаагүй. Сэтгүүлчид бол иргэний нийгмийн нэг хэсэг, тийм ч учраас засгийн газар ард түмэндээ үйлчилж байгаа, эсэхийг хянах үүргийг хуваалцдаг. Энэ үүргийнхээ хүрээнд сэтгүүлчид сонин, хэвлэл, телевиз гэх зэрэг олон нийттэй харилцах байгууллага руу нэвтрэх давуу эрхтэй байж бусдыг төлөөлдөг. Ялангуяа увайгүй байгууллагууд, авлигач улс төрчдийн буруу үйлдлийг илрүүлэхийн тулд нууц бичлэг хийх зэрэг хууль бус арга хэрэглэх гэж байгаа бол хүмүүстэй эвтэйхэн харьцаж, шударга, ил тод (ядахдаа аль болох ил тод) арга барил ашиглах нь зүйтэй.

Сэтгүүлчийн үүргээсээ хэтэрсэн үйлдэл гаргахгүйн тулд дараах асуултыг өөртөө тавьж байгаарай:

  •    Би өөрөө эрэн сурвалжлагдаж буй хүн нь байсан бол яах вэ? Би дэлхий ертөнцийг яаж харж, сэтгүүлчдийн үүргийг юу гэж бодох байсан бол?
  • ?    Би хэр найдвартай хүн бэ?
  • ?    Би бусдыг эрэн сурвалжилж байгаа шиг өөрт тийм зүйл тохиолдвол тэсвэрлэхийн аргагүй болох уу? Намайг юу зогсоох вэ?
  • ?    Миний хийх ёстой зүйлс болон ёсгүй зүйлс, тэнцвэр нь яг хаана байх вэ?