2.1. Ярилцлага хийх үндсэн дүрэм


Цагаа барь

Хэрвээ чи хоцорч ирвэл эх сурвалжаа өөрөөсөө хөндийрүүлээд зогсохгүй цаг алдана, уучлалт гуйж мөн л цаг алдана. Тэгээд ярилцлагынхаа эхэн хэсгийг амьсгаадаж, анхаарлаа ч төвлөрүүлж чадахгүй өнгөрөөх магадлалтай.

Зохимжтой хувцасла

Хувцсаа тохируулж өмсөх нь энгийн мэт боловч ярилцагчдаа анхны сэтгэгдлээр эвгүй ойлголт төрүүлэхгүй байх нь чухал. Сэдвийнхээ утга агуулгад нийцсэн хувцас өмсөхөөс гадна, тухайн хувцаслалт чинь зочноо хүндэтгэсэн, мөн таны амьдралын хэв маягийн талаар илтгэхээргүй энгийн байх хэрэгтэй.

Хаана суухаа шийд

Шаардлагатай бол өөрийн ашиглах дуу хураагуур зэргээрээ далимдуулан суудлаа сонгож болно (“Энд суувал дууг чинь илүү сайн бичих байх” гэх мэтээр). Ярилцагчийнхаа нүд рүү харах боломжтой байрлалд суухыг зөвлөе. Гэхдээ эгц өөдөөс нь харж суух нь хэтэрхий нүүр тулсан байрлал тул тохиромжгүй. Ерөнхийдөө эсрэг талд нь, гэвч ярилцагчтайгаа бага зэргийн ташуу өнцгөөр суух хэрэгтэй. Ярилцагч та хоёрын хооронд өрж тавьсан ном, дэлгэсэн компьютер зэрэг анхаарал сарниулж, саад болох зүйлс байх ёсгүй. Зөөлөн буйдан дээр суувал юм бичихэд ч хэцүүгээс гадна тав тух нь нозооруулах эрсдэлтэй.

Тохиромжтой үед харцаараа харилцах

Ярилцаж байгаа хүнийхээ нүүрний хувирлыг ажиглаж байвал илүү сайн харилцан яриа үүсдэг. Тэмдэглэл хөтөлж байгаа тохиолдолд ингэх нь хэцүү боловч үе үе, ялангуяа асуулт асуухдаа нүд рүү нь харж байгаарай. Асуултаа зүгээр л тэмдэглэлээсээ уншаад байвал нөгөө хүн чинь таныг ярилцлага хийж сураагүй шинэ сэтгүүлч, өөртөө итгэлгүй нэгэн байна гэж бодно. Эсвэл бүр өөрийнх нь хэлж, ярьж байгааг огт анхаарахгүй байна гэж ойлгож мэдэх юм. Энэ нь нэг талаараа бүдүүлэг зан авир бөгөөд нөгөө хүнийхээ чамтай ярилцах хүслийг унтраана.

Биеийн хэлэмжийг анхааралтай ажигла

Өөрийнхөө болон ярьж байгаа хүнийхээ биеийн хэлэмжийг анхаараарай. Хамгаалалтын дохио зангаа, үйл хөдлөл нь булзайруулалт, заль мэхийг илтгэх бөгөөд энэ үед нь хүндхэн асуулт асуух нь тохиромжтой. Мөн аль үед эх сурвалж чинь хэцүүхэн байдалд орж байна, санаа амарч байна, инээж байна, уурлаж байна, уйдаж байна зэргийг тэдний үйл хөдлөлөөс л ажиглах боломжтой.

Олон нийтэд цацах, эсэх

“On-the-record” гэвэл та эх сурвалжийн ярьсан бүх мэдээллийг ашиглаж, нийтэлж болно гэсэн үг. Харин “Off-the-record” гэвэл та тухайн мэдээллийг эх сурвалжийн нэрийг нууцалсан байдлаар л нийтэлж болохыг хэлнэ. “Background only” гэдэг нь эх сурвалжийн өгсөн мэдээллийг огт нийтлэхгүй, зөвхөн тухайн сэдвээ ойлгохын тулд хувьдаа л ашиглана гэсэн үг. Энэхүү олон нийтэд цацах, эсэх тухай ойлголт нь хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх зүйл биш боловч эх сурвалж, сэтгүүлч хоёрын харилцан ойлголцлын нэгэн хэлбэр юм. Эх сурвалжтай ярилцахдаа л түүний өгсөн мэдээллийг нийтлэх, эсэх, хэдийд хэрхэн ашиглахаа тохиролцох нь зүйтэй. Ялангуяа эмзэг сэдвийн талаар олон нийтэд мэдээлэх гэж байгаа бол мэдээлж болно гэсэн зөвшөөрөлтэй эсэхээ дахин нягтлаарай. Хэрвээ ярилцлага чинь албан бус бол тэмдэглэл хөтөлж, дуу хураахаа түр зогсоогоод: “Би энэ талаар бичиж тэмдэглэж, дуу дүрсийг нь хурааж болох уу?” гэж асуугаарай. Харин ярилцлага чинь албан ёсных бол ингэж цаг алдалгүй хурдан шуурхай, үр дүнтэй ажилласан нь дээр. Тэмдэглэл хөтөлж, дуу хураах  нь зарим эх сурвалжийг үргээх магадлалтайг анхаараарай. Дуу хураах төхөөрөмжөө нууж хаах хэрэггүй боловч ажиллуулахдаа аль болох эх сурвалждаа саад болж, залхаахааргүй байгаарай. Хэрвээ тэд сандарч, тэвдээд байвал “Ингэж бичиж авснаар би таны хариултуудыг үнэн зөв буулгаж чадна шүү дээ” гэж тайлбарлахад л болно.

Үргэлж тэмдэглэл хөтөл

Тэмдэглэл хөтлөх нь чиний анхаарлыг төвлөрүүлэхээс гадна дуу хураах төхөрөөмжийн тэмдэглэж чадахгүй илэрхийлэл, сэтгэл хөдлөл, дохио зангаа зэргийг буулгадаг давуу талтай. Мөн дуу хураагуур чинь ямар нэг байдлаар ажиллаагүй тохиолдолд тэмдэглэлаа ашиглах боломжтой. Маш цэгцтэй, нямбай тэмдэглэл бичээрэй. Ингэхдээ эх сурвалжийнхаа эшлэлээс эхлээд өөрийн ажиглалт, дүн шинжилгээг тусгасан ч болно.

Төвийг сахисан, нээлттэй асуулт асуух

Сэтгэл зүйч нараас суралцах хэрэгтэй. Асуултдаа өөрийн сэтгэл хөдлөлийг оруулахаас болгоомжил. Жишээлбэл: “Энэ нь эрх мэдлээ буруугаар ашиглах аймшигт хэрэг биш гэж үү?” гэхийн оронд “Ингэж эрх мэдлээ буруугаар ашиглаж байгааг та юу гэж бодож байна?” гэсэн нь дээр. Ингэснээр та эх сурвалжийнхаа сэдлийг ойлгож чадах юм. Гэвч араас нь шууд “Яагаад?” гэж асуувал тухайн хүнээ зэмлэсэн, эсвэл сэжиглэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж болох юм. Тиймээс “Яагаад?” гэсэн асуултыг шууд бусаар асуу. “Яагаад энэ хэвлэлийн мэдээнээс болоод та уурлаад байгаа юм бэ?” гэхийн оронд “Хэвлэлийн мэдээ таны уурыг хүргэсэн гэсэн. Та энэ тухайгаа илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?” гэж асуугаарай.

Чимээгүй байх нь тийм ч муу зүйл биш

Эх сурвалж таны асуултад хариулж дуусахаар дараагийн асуулт руу орохоосоо өмнө түр амсхийх нь зүгээр байдаг. Харилцан ярианы дундах тэр хоосон орон зайг чи нөхөх гээд байх шаардлагагүй. Хэрвээ нөгөө хүнд чинь хариулахад бодох хугацаа хэрэгтэй байвал түүнийг нь өг. Тэдэнд сэтгэл хөдлөлөө дарах хугацаа хэрэгтэй байвал “За одоо үргэлжлүүлэх үү?” гэж хэлэхээсээ өмнө хүлээх хэрэгтэй.

Сонирхож буй мэт харагд, сонирхоод үз

Ярилцлагын үеэр эх сурвалжаа анхааралтай сонсож байгаа гэдгээ илэрхийлэх үйлдлүүд хий. Хариултыг нь тэмдэглэж авах, эргээд түүнийгээ ашиглан нэмэлт асуулт тавих зэргээр байнгын идэвхитэй  байх хэрэгтэй. “Энэ миний хүссэн хариулт мөн үү? Би үүнийг ойлгож байна уу? Үүнийг хэрхэн ашиглах билээ?” зэрэг асуултыг өөртөө тавь. Ярилцлага дууссан л бол эргээд нөгөө хүнтэйгээ уулзахад маш хэцүү байж болно шүү дээ. Та судалгаагаа хийсэн боловч эх сурвалж таны хүлээж байсан шиг хариулт өгөхгүй бол сандарч, сэтгэлээр унаж, сэдвээ өөрчлөх гэсний хэрэггүй. Ямар ч байсан үргэлжлүүлээд ярилц. Түүний шинэлэг төлөв байдалтай зохицон ярилцаж, хариултнаас нь ургуулан нэмэлт асуултууд тавиарай. Урьдчилан төлөвлөсөн сэдэв рүүгээ эх сурвалжаа “чихэж оруулах” гэсний хэрэггүй. Гэнэтийн зүйл эцэстээ бүтээлийг чинь илүү сайжруулж ч мэдэх юм. Тэгдэггүй юм аа гэхэд та үндсэн сэдэв рүүгээ дараа нь эргээд орж болно. Эх сурвалж чинь бүдүүлэг аашилж, таны хүссэн шиг ярилцлага хийхгүй байсан ч түүнтэй түрэмгий, зандрангуй харьцахгүй байх нь чухал.

Цагаа зөв хуваарил

Цагаа тогтмол харж, асуултаа цагтаа багтаан хуваарилах хэрэгтэй. Мөн эх сурвалжтайгаа тохиролцсон цаг чинь дуусах үед ярилцлагаа үргэлжлүүлмээр байвал “Бидэнд дахиад хэдэн асуултын хүрээнд ярилцах цаг байгаа юу?” гэж асуугаарай. Ярилцлагаа хийчихээд “Таны өгсөн мэдээллийг ашиглан бичих нийтлэл пүрэв гарагийн дугаарт гарна” гэх зэргээр дараа нь юу болох тухай эх сурвалждаа мэдэгдээрэй. Гэвч нийтлэгдэхээс нь өмнө бүтээлээ уншуулах мэтийн биелүүлж чадахааргүй амлалт өгөөд хэрэггүй шүү.

Түүхийг яг байгаагаар нь өгүүл

Сайн сэтгүүлчид эх сурвалжийнхаа өгсөн мэдээллийг үнэн зөвөөр л ашигладаг. Мэдээж хэрэг ярилцлагын үеэр хэлсэн зүйлийг худлаа нийтэлж болохгүй. Мөн асуулт, хариултын мөн чанарыг алдагдуулж, эшлэлийг нь ялган авахдаа эх сурвалжийнхаа хэлсэн санааг гажуудуулж болохгүй. Ялангуяа ярилцлагын эх хувилбарт дурдагдсан хариултуудаас өөрийн бүтээлдээ сонгож авч ашиглахдаа болгоомжтой, няхуур байх хэрэгтэй. Өгүүлбэрүүдийн бүтцийг өөрчилж, найруулах явцад утга санаа нь гажуудах эрсдэл бий. Түүхээ өгүүл, тэгэхдээ түүнд хамааралтай хүмүүсийн хариултыг  тусга. Уншигчид чинь ухаалаг учраас үнэн хаана оршиж байгааг мэдэх л болно.