Чиний хүсч буй хариултаас бүх зүйл шалтгаална

Таны зорилго эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл болохоос “ялалт” байгуулах биш юм. Сэтгэлийн зовиургүй, тайван байхын тулд өөртөө шаардлагатай гэсэн хугацааг өг. Ярилцлагын гол зорилго нь үргэлж хариулт, мэдээлэл авахад орших бөгөөд таны асуултууд нэг ёсондоо түүнд хүрэх арга хэрэгсэл юм. Хөмсгөө өргөх, мөрөө хавчих, жуумалзах мэтийн таны сэтгэл хөдлөлийг илчлэх дохио бүрийг эх сурвалж чинь анзаарах болно. Та бол хүн учраас энэ мэт үйл хөдлөл хариу сэтгэгдлийг тань харуулж байдаг. Тэгээд ч телевизээр модон царай гаргах нь уйтгартай байдаг. Гэхдээ болгоомжтой байж, хэмжээ хязгаараа мэддэг байх хэрэгтэй. Сөргөлдөөн үүсвэл эх сурвалжид чинь шүүх хурлын үеэр үг хэлж байгаа мэт сэтгэгдэл төрж, өөрийгөө шууд хамгаалалтад авч эхэлдэг. Өдөөн хатгалга нь эцэстээ эмгэнэлт дуулиан, эсвэл үр ашиггүй чирэгдэл болоод дуусдаг. Таны түрэмгий зан буруу байдлаар илэрвэл таныг л муухай харагдуулна. Тиймээс хариу үйлдлээ санамсаргүй, сэтгэл хөдлөлөөр гаргаж ирэх бус харин санаатай, төлөвлөсөн байдлаар үзүүлэх нь дээр. Хэн нэгэн нь хэрүүл маргаан өдвөл эх сурвалж чинь асуултад хариулахаас аврагдлаа л гэсэн үг шүү дээ.

Гол санаа руугаа шилж

Эх сурвалжийн чинь хариулт таны утгагүй асуултуудаас хавьгүй чухал. Тиймээс дэмий юм чалчихгүй, саад болохгүй байх хэрэгтэй. Туршлагатай улс төрч, бизнес эрхлэгч мэдээж хэдэн зуун мянган ярилцлага өгсөн байж таарна. Тэдний хувьд цаг үнэтэй, тэд асуултад чинь хариулмааргүй байвал хариулахгүй өнгөрч чадна. Хэрвээ та асуудлыг дэлгэж, ил болговол тэдний нэр хүнд, дүр төрх, албан тушаал, мөнгө, ирээдүй зэрэг нь нуран унахыг тэд сайн мэдэж байгаа. Тиймээс нөхцөл байдал, тухайн хүнийхээ талаар хувийн мэдээллийг анхааралтай уншиж, аажмаар гол асуултаа асуух гэж оролдоод бүтэлгүйтвэл шууд л шулуухан асуу. Хэрвээ тэдний хариулт ойлгомжгүй байвал асуултаа бага зэрэг өөрчлөөд дахин асуу. Зарим эх сурвалж дахин нэг тунгааж, шинээр хариулахдаа дуртай байдаг. Тэдний хариултыг маш анхааралтай сонсож, энэ үнэхээр хүссэн хариулт чинь мөн үү гэж өөрөөсөө асуу. Хэрвээ үгүй бол дахиад л оролдоод үз. Эх сурвалжийнхаа хэлж байгаад нэг л итгэлгүй байвал өөрсдийнх нь хариултыг асуулт болгон асуу (Тэгэхээр та ингэж хэлэх гээд байна уу?).

Бүрэн дүүрэн хариулт ав

Эх сурвалж чинь танд тодорхой хариулт өгөхгүй, “сүүлийн үед”, “хэд хэдэн”, “маш олон”, “тодорхой ажил” зэрэг ерөнхий үг ашиглаж болно. Тэр үед нь тэдгээр хариултыг тодруулах замаар дахин дахин асуух хэрэгтэй “Яг хэзээ?”, “Хэчнээн?”, “Та тоог нь тодорхой хэлж болох уу?”, “Яг ямар ажил хийх юм бэ?” гэх зэргээр асуу. Мөн хаалттай хариултад ч энэ хамаатай. “Тийм”, “Үгүй” гэх хариулт нь эх сурвалж таны асуултыг шууд төгсгөж байгаа нэг хэлбэр юм. Заримдаа танд илүү мэдээлэл хэрэгтэй байгаа тохиолдолд дэлгэрүүлж асуух шаардлагатай болдог: “Та тус гэрээнд гарын үсэг зурсан уу?” “Тийм” “Та ингэх болсон шалтгаанаа тайлбарлаач?”.

Цааш үргэлжлүүлэхээсээ өмнө хариулт бүрийг сайтар хяна. Ярилцлага өгч сурсан хүмүүс танд юу гэж хэлвэл хүсч байгаа хариултыг чинь өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхдээ сайн байдаг. Гэвч дараа нь тэмдэглэлээ дахин уншихад асуултаас чинь бултсан байхыг анзаарах болно. “Та Х дүүрэг дэх эмнэлэг рүү эм тариаг нь хүргүүлсэн үү?” гэж таныг асуухад “Мэдээж эмнэлгийн шаардлагатай гэсэн үйл ажиллагаа хийгддэгээрээ хийгдэж байгаа” гэж хариуллаа гэж бодъё. Таны асуултад “Тийм” гэж хариулсан мэтг боловч яг асууж байгаа зүйлд нь огт хариулаагүй байгаа юм. Тэр үед та “Яг ямар эм тариа хүргэсэн бэ?”, “Яг хэдний өдөр хүргэсэн юм бол?”, “Тэдгээрийг хүргэсэн гэсэн ямар баталгаа байгаа вэ?”, “Тэдгээрийг хүргэсэн гэсэн бичиг танд байгаа юу?” гэх зэргээр нэмэлт асуулт дагалдуулах хэрэгтэй. Хэрвээ ярилцагчийнхаа хариултыг бүрэн ойлгохгүй бол ингэж давтан асуугарай. Санаа зовсноосоо болоод ойлгосон мэт царайлснаас эргэлзээгээ арилтал асуусан нь дээр байдаг. “Наадахыг чинь манай уншигч, үзэгчид сайн ойлгохгүй л болов уу. Арай энгийнээр тайлбарлаад өгөөч?” гэж болно. Үүнтэй адилаар өгүүлбэрээ шинэчлэх ийм арга бас бий: “Хэрвээ би таныг зөв ойлгосон бол, Сайд аа, та … гэж хэлсэн үү? Энэ зөв үү?”.

Баримт материал, хавсралт  

Ярилцлагын үеэр хэвлэлийн мэдээ, баримт бичиг, судалгаа, гэрэл зураг зэрэг хэрэг болж магадгүй материалын хуулбар авч яваарай. Эх сурвалж чинь таны хүлээгээгүй гэнэтийн зүйл хэлвэл эдгээр материалаасаа харах боломжтой. Дуу бичлэгийн төхөөрөмж болон тархиа байнгын харилцан хамааралтай ажиллуул. Учир нь ярилцлага дууссаны дараа тэд л үйл явдал хэрхэн өрнөснийг танд гэрчилж туслах юм. Дараа тодруулах зүйл байвал дахин холбогдож болох эсэхийг асуугаарай.

Хуурамч бялдууч занд бүү хуурт

Энэ ярилцлага болохоос нөхөрлөл биш. Та мэдээлэл олж авах гэж байгаа болохоос дэмжлэг авах гээгүй биз дээ. Хэрвээ нөгөө хүн чинь танд “Наадах чинь үнэхээр мэдрэмжтэй асуулт байна” гэж хэлж байгаа бол таныг магтаж байгаа хэрэг биш, харин хариултаа бодох нэмэлт цаг хожиж байгаа хэрэг.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ярилцлагын дараа эх сурвалждаа сэтгэлээ онгойлгох боломж олго. Хачирхалтай нь ингэх нь саруул ухааныг нэмэгдүүлдэг. Энэ үед өөрөөс чинь асуух зүйл байгаа эсэхийг тодруулж, эелдэг, хүндэтгэлтэй харьцаарай. Мөн бүтээл чинь хэзээ нийтлэгдэхийг тайлбарлах сүүлийн боломж энэ юм шүү. Ярилцлагаа үргэлж дараах асуултаар төгсгөж байгаарай: “Таниас асуугаасай гэж хүссэн зүйл байна уу?” эсвэл “Өөр нэмж асуух зүйл үлдсэн болов уу?”.

Үүрэг амлалт  

“Хэвлэн нийтлэхээсээ өмнө надад үзүүлнэ гэсэн биз дээ? Үгүй гэж үү?” Олон нийтэд бүтээлээ хүргэхээсээ өмнө эх сурвалждаа үзүүлнэ гэж амлах, энэ тал дээр хэтэрхий анхаарал хандуулаад санаа тавих шаардлагагүй. Иймэрхүү харилцан яриа өрнөх үед шулуухан тодорхой байдлаар “Үгүй, ер нь бол иймэрхүү зүйл ярьмаар байгаа бол манай редактортой холбогдоорой гэж хэлсэн шүү дээ. Энэ бол түүний хаяг, утасны дугаар” гэх зэргээр тайлбарлахаасаа бүү эмээгээрэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг сайн ойлгодог, мэддэг хүн бол энэхүү эцсийн, яаруу сандруу хүсэлтийг чинь хүлээн авч ашиглах нь гарцаагүй.

Эцсийн сэтгэгдлийг хайхрахгүй байж болохгүй  

Ярилцлага дуусах үед эх сурвалж чинь биеэ барихаа больж, илүү чөлөөтэй, тав тухтай болж ирдэг. Энэ үед ярилцлагатай холбоотой нэр ус, албан тушаал эсвэл бусад янз бүрийн зүйлийг шалгахад хамгийн тохиромжтой. Үргэлж утасны дугаар, эсвэл холбогдох э-майл хаягийг нь асууж байгаарай. Ингэснээр дараа ямар нэгэн мэдээлэл тодруулж асуухад хэрэг болдог. Өөрийнхөө нэрийн хуудсыг ч мөн өгөөрэй. Эцэст нь хүндэтгэлтэй, эелдэг харилцаа үлдээх асуудлыг хайхрахгүй байж болохгүй. Цаг гаргасанд баярлаж байгаагаа илэрхийлээрэй. Тантай хэчнээн сөргөлдөж, ёжилсон байсан ч хамаагүй энэ бол маш чухал алхам юм. Тэднийг тантай ярилцах боломж олгож, сэтгэл гаргасанд нь баяртай байгаагаа илэрхийлэхийг оролд.

Хэрвээ тухайн ярилцлага сэдвийнхээ хүрээнд ерөнхий мэдээлэл авах зорилготой байсан бол, эсвэл найзан дундаа ярилцаад өнгөрсөн бол, шинэ санаа мэдээлэл өгөхүйц өөр эх сурвалж таних эсэхийг асууж лавлаарай. Өөрөөр хэлбэл, өөр нэг хаалга онгойлгохдоо энэ хүнийхээ нэрийг ашиглаж байгаа гэсэн үг юм.

Ярилцлагаа дуусмагц тэмдэглэлээ тэр дор нь шалгаж нягтлах

Ярилцлагаа дуусмагц тэмдэглэлээ унших нь зөв. Энэ бол богино хугацааны ой санамжаа эргэн санахад хялбар байдагтай холбоотой. Хэрвээ дараа өдөр хүртлээ тэмдэглэлээ нэг ч сөхөж харахгүй бол төгсгөл нь бүрхэг, сараачсан тэмдэглэл чинь яг ямар санаа агуулж байгааг, эсвэл яаралтай давхар шалгах ёстой зүйлээ мартах магадлалтай. Тэмдэглэлийнхээ хоосон үлдээж орхигдуулсан хэсгийг нөхөж бичээд, ярилцлагынхаа аль хэсгийг улам гүнзгийрүүлж судлах ёстойгоо шийдээрэй.