Хэрвээ эх сурвалж чинь асуултад хариулах шинжгүй, түүнийгээ ч хэлж байвал та үүнийг урьдчилан таамаглаад бэлтгэлтэй байх шаардлагатай. Телевиз, радиод ашиглах дуу хураагуурт тэдний хариулахаас шууд болон шууд бусаар татгалзаж байгааг  бичиж авах хэрэгтэй. Тэгээд бичлэгээ эвлүүлж, нэвтрүүлэгтээ шингээж болно. Харин сонин хэвлэлийн хувьд “Энэ тухай түүнээс асуусан боловч хариулахаас татгалзсан юм” гэж бичих боломжтой. Яагаад хариулахаас татгалзсаныг нь та өөрийн үгээр тайлбарлах шаардлагагүй. Зүгээр л юу болсныг байгаагаар нь хүргэ. Дүгнэлт хийх, шүүмжлэх эрхийг үзэгч, уншигчдадаа үлдээ.

Хуулийн дагуу асуулт асууж байхад шийдэмгий эсэргүүцэхээр ярилцлага хийх ямар ч боломжгүй болдог. Гэхдээ энэ нь зарим талаараа үр дүнтэй байдаг. “Уучлаарай, Сайд аа, энэ асуудалтай холбоотойгоор таныг ямар нэгэн тайлбар хэлэхээс татгалзана гэж би уг нь бодоогүй. Тиймээс надад зөвхөн өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүд, гэрчүүдийн хэлснийг л ашиглахаас өөр арга алга даа. Таныг ярилцлага өгөхөөс татгалзлаа гээд оруулчих уу?” гэж болно. Ухаалаг хүн бол тэр үед ямар нэгэн зүйл хэлсэн нь дээр гэдгийг ойлгох болно. Ингэсэн ч хамтран ажиллахаас татгалзвал зүгээр  эелдгээр орхин яваарай.

Хэрвээ эх сурвалж тодорхой асуултад хариулахгүй гэдгийг та хэн нэгнээс урьдчилан мэдэж авсан бол ямартай ч бүх бэлдсэн асуултаа асууж, тодорхой болгох хэрэгтэй. Ялангуяа шууд нэвтрүүлгийн үеэр ингэх нь тохиромжтой байдаг. Ярилцаж байгаа хүн тань ч, үзэгчид тань ч таныг ямар ч байсан асуусныг мэдэх хэрэгтэй. Эс бөгөөс та тухайн асуултыг огт асуугаагүй гэсэн шүүмжлэлд өртөх болно. ”Хэрвээ асуусан бол би хариулах л байсан” гэж эх сурвалж чинь тайлбарлаж мэднэ. Энэ нь таныг муухай харагдуулна шүү дээ.