Эх сурвалжид чинь ярилцлага өгөхөөс татгалзах олон шалтгаан бий. Өмнө нь бид Пи Ар мэргэжилтнүүдтэй хэрхэн учраа олох талаар дурдсан. Гэвч хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөхөөс айх бодит шалтгаантай хүн үнэндээ олон байдаг. Шударга бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихэнх улс оронд байдаг бөгөөд эх сурвалжтайгаа зохисгүй харьцах нь бий. Таны эх сурвалж сэтгэл зүйн гүн хямралд орсны улмаас өөрийгөө илэрхийлэхдээ дурамжхан байж болно. Эсвэл танд хувийн мэдээллээ дэлгэснээс болж эргэн тойрны хүмүүс нь түүний талаар мэдэхээс санаа зовж байж ч болно. Ямартай ч ярилцлага авахын тулд шантралгүй зүтгэх хэрэгтэй. Гэхдээ яриа өгөхийг хүсэхгүй байгаа эх сурвалжийг ятгахдаа та хоёрыг ойлголцолд хүргэх гуравдагч хүнээр дамжуулах нь үр дүнтэй байдаг.

Ярилцлага авахын тулд эхлээд эх сурвалж чинь юунаас айж байгааг тодруулж, аль болох сэтгэлийг нь тайвшруулж, итгэл төрүүлэхийг хичээгээрэй. Гэвч биелүүлж чадахааргүй амлалт өгч болохгүй. Тиймээс ярилцлага хийхээсээ өмнө эрхлэгчтэйгээ зөвлөлдөж, эх сурвалжаа хэрхэн хамгаалах боломжтойг урьдчилан тохиролцох хэрэгтэй.

Нийтлэх зөвшөөрөл авах

“Таны хэлснийг хэвлэн нийтэлж болох уу?” гэж асуухыг албан ёсоор зөвшөөрөл авахтай андууруузай. Эх сурвалж тань түүний яриа олон нийтэд хүрсний дараа гарч болох үр дагавар, эрсдлүүдийн талаар ойлгож мөн өөрийг нь  хамгаалах, эсэх талаар тодорхой мэдсэний үндсэн дээр  хэвлэн нийтлэх зөвшөөрөл өгөхийг хэлж байгаа юм. Хүмүүсийг айлгах хэрэггүй, нөгөө талаар үүсч болзошгүй нөхцөл байдлыг ч тэднээс нууцлах шаардлагагүй. Өөрийгөө нээж, мэдээллээ олон нийттэй хуваалцах эх сурвалж чинь олшрох тусам таны бүтээл илүү хүчтэй болно. Иймэрхүү ярилцлагууд таны эх сурвалжуудтайгаа харилцах холбоог баталгаажуулахаас гадна чин сэтгэлийн харилцан яриа өрнүүлэх боломж бүрдүүлнэ. Зарим эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн ч энэ бүхэнд хувь нэмэр оруулж буй хэрэг шүү дээ.

Өрөвдөх биш ойлгох нь чухал

“Өө, ямар аймшигтай зүйл болоо вэ, хөөрхий дөө” гэх үг эх сурвалжийг чинь хүчгүйдүүлж, тэднийг сул дорой болгодог. Түүнд өөрийн түүхээ хуваалцах аюулгүй, найдвартай орчин бий болгож өг. Эх сурвалжаа чөлөөтэй сонсож, төвийг сахиж, түүнд ярих хангалттай цаг олго. Ингэснээр тэр бодлоо цэгцэлж, сэтгэл хөдлөлөө хянах боломжтой болно. Түүнд энгийн хэрнээ урам өгсөн хариулт хэлж бай. Толгой дохь, “Тийм ээ, тэгээд дараа нь яасан?”, “Энэ талаар илүү ихийг ярьж өгөөч” гэж хэл. Мөн танай соёлд нийцнэ гэж үзвэл эх сурвалжийнхаа гарыг зөөлөн атгах зэрэг нь муугүй санаа. Зөн совиндоо итгэх хэрэгтэй.

Бичихээ боль

Заримдаа тэмдэглэл хөтөлж байгаа чинь эх сурвалжид дарамттай санагдаж болно. Ялангуяа асуулт чинь эмзэг сэдэв рүү ороод эхэлчихсэн бол зүгээр л сонс. Дараа нь тэмдэглэж болно шүү дээ.

Хүндлэл үзүүл

Асуултуудаа тавих гэж бүү яар. Мөн эх сурвалжийнхаа хариултыг дуулиан шуугиан болгоход ашиглах хэрэггүй. Ямагт эх сурвалжийнхаа оронд өөрийгөө тавьж, асуулт чинь мэдрэмжгүй байгаа юм биш биз гэдгийг нягтлаарай.

Маш болгоомжтой байгаарай

Мэдрэмж шаардлагатай боловч та хүнд асуултуудаа  асуух ёстойгоо сана. Хэн нэгэн өөрийгөө тамлуулсан гэж хэллээ гээд тэр бүхэн нь үнэн гэсэн үг биш. Сүржин хүмүүсээс болгоомжил. Тэдэнд тохиолдсон зүйлийн нарийн ширийнийг маш сайн мэдэж авахгүй л бол  түүхийг нь мэдээлж чадахгүй гэдгээ сайн ойлгож ав. Тиймээс өөр төрлийн ярилцлагын үеэр тавих байсан шаардлагууд, мэдээллүүдээ бүгдийг нь олж авахаас битгий зайлсхийгээрэй.

Үгүйсгэл, няцаалтыг нь ажигла

Хүмүүс янз бүрийн шалтгаанаар, заримдаа муу талаараа биш ч худлаа хэлэх, эсвэл хагас худлаа хэлэх тохиолдол гардаг. Өөрсдийнхөө талаар үнэнийг гажуудуулан хэлж байх үед хүний нүүр лүү эгцэлж харах хэцүү байдаг. Хэлснээ үгүйсгэж, няцааж байгааг нь биеийн хэлэмжээс нь ажиглаж ч болно. Жишээлбэл, эх сурвалж чинь хүчиндүүлсэн, эсвэл хүчингийн хэргийн гэрч болсноо шууд хэлж чадахгүй шүү дээ.


Оновчтой асуулт асууж чадах, эсэхээс таны бүтээл сайн болох, эсэх шууд хамаарна. Гэхдээ шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулж байж л эрэн сурвалжлах сэдвийнхээ суурийг бий болгож өгдөг. Хамгийн гол нь тэр бүхнийг олон нийтэд ойлгомжтой хүргэхийн тулд сайтар найруулан бичих хэрэгтэй. Тиймээс дараагийн бүлэгт сайн бүтээл туурвихын тулд мэдээллийг хэрхэн цэгцэлж, сонгох талаар заах болно.