1.1. Санаанаас таамаглал руу


Сэдвийнхээ санааг дахин нэг эргэцүүлчихээд, тэдгээр анхдагч санаагаа тодорхой нэг таамаглал болго. Эсвэл сурвалжилгаараа дамжуулан ямар асуултын хариу өгөх гэж байгааг бодоорой. Энэхүү таамаглал эсвэл асуулт нь богино, урт, ганц хоёр өгүүлбэр ч бай, цуглуулсан баримттай хамааралтай байж, таамаглалыг хангалттай нотлох эсэх нь тодорхой болох юм.
Нэмж тодруулбал:

  • !   Таамаглал нь сурвалжилгын зааг хязгаар болон хүрэх үр дүнг тодорхойлсноор зохион байгуулалт хийхэд хялбар болгоно.
  • !   Таамаглал нь бусадтай харилцах, зорьсон санаагаа бусдад түгээж, “борлуулахад” тусална.
  • !   Таамаглал нь эх сурвалж болон үйл ажиллагаанд зарцуулах цагийг маш нарийн тодорхойлно.
  • !   Таамаглал нь баримт нотолгоо цуглуулах, түүний харилцан хамаарлыг тодорхойлоход тусална.
  • !   Таамаглал нь эрэн сурвалжилгын эцсийн бүтээлийн дэс дараалал, уялдаа холбоог тодорхойлох гол суурь болно.

Сэдэв бүр олон таамаглалтай эсвэл олон чиглэлтэй байж болно. Жишээлбэл, ядуурал, хувьчлал, уснаас үүдэлтэй халдвар тархалттай холбоотой хоёр таамаг байж болно.

(A) Хувьчлалаас улбаалж, ядуу айл өрхүүд өндөр үнэтэй ус худалдан авах чадваргүй болж, үнэ төлбөргүй, сайжруулаагүй задгай ус ундандаа хэрэглэснээр халдвар аваад байна.

(B) Хувийн компаниуд амар хялбар аргаар ашиг олох зорилго тавьж, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг зөрчиж, зардлаа хэмнэснээр халдвар тараагаад байна.

Гэхдээ эдгээр таамаглалыг бодитоор шүүн тунгаах нь зүйтэй. Тэдгээр компаниуд яагаад сэтгэл зовинохгүй байгаа нөхцөл байдлыг тооцоолохоос гадна үнэхээр тэднийг буруутгах бодит үнэн нөхцөл байдал байгаа гэдэгт хэр итгэлтэй байгааг өөрөөсөө асууж үзээрэй. Дээрх хоёр таамаглал нь туршигдаж үзээгүй санаан дээр тулгуурлаж байгаа. А нь баталгаагүй, албан бус усны эх үүсвэрээс хэрэглэснээс үүдсэн алдаа, B нь усны байгууламжийн стандартыг мөрдөөгүй нь алдаа гэсэн байр суурьтай байгааг анхаарна уу. Эдгээр таамаглалын аль алиных нь бодитой байж болох бүхий л боломжийг судалж, илрүүлэхээс гадна “Яг хаанаас энэхүү халдвар эхэлсэн бэ?” гэдэг ул суурьтай асуулт ямагт дагалдана.

Илүү сайн таамаглал дараах байдлаар гарч ирж болно:

(C) Х газар нутагт гарсан уснаас үүдэлтэй халдварын тархалт нь ямар ч байсан хувьчлагдсан ус түгээгүүрийн сан, эсвэл баталгаагүй, албан бусаар ус түгээж байгаа газрын аль нэгээс эхэлсэн нь тодорхой.

Энэхүү боловсронгуй таамаглал нь сэдвийн чинь үндсэн зарчмыг тодорхойлж, сурвалжилгын хамрах хүрээ, явах замыг илүү тэнцвэртэй, тодорхой болгож өгнө:

(D) X газар нутагт усан хангамжийн хувьчлалын дараа  олон хүнийг хамарсан, ундны усны эрүүл ахуйтай шууд холбоотой  гоц халдварт суулгалт өвчин гарсан. Энэхүү халдварт өвчин ямар шалтгаанаар гарсныг тодруулах нь сурвалжилгын зорилго юм.  Хувьчлагдсанаар үнэ нь нэмэгдсэн ус авч чадахгүйн улмаас иргэд ил задгай худаг эсвэл гол, горхины түүхий ус хэрэглэснээс болсон уу? Эсвэл ус түгээлтийн компани хувьчлагдаж, усны байгууламжийн зардлаа бууруулж, ашиг олохын тулд ус цэвэршүүлэх стандартыг дордуулж, шаардлагад нийцсэн цэвэр ус түгээхээ больсон юм уу? Халдварт өвчний талаар эрдэмтэн, судлаачидтай ярилцаж юунаас үүдэлтэйг  асуух хэрэгтэй. Дараа нь амьжиргааны түвшин доогуур ард иргэдтэй уулзаж, тэднийг өдөр тутам ус хаанаас авч байгааг тодруулж, мөн усны байгууламжид  мэргэжлийн хүмүүстэй хамт очиж, ус цэвэршүүлэх үйл ажиллагаа  стандартыг хангаж байгаа эсэхийг шалгаж үзнэ. Улмаар  халдвар юунаас эхэлснийг олж мэдсэний дараа халдварт өвчин дахин дэгдэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг судалж үзнэ.

Таамаглал хэрхэн дэвшүүлэхийг тодорхой болгосны дараа судалгааны төлөвлөгөө гаргах шаардлагатай. Үүнд эх сурвалж олох, нотлох баримтын шалгуурыг тодорхойлох, аргачлал боловсруулах, цаг хугацааны хэлхээс дэс дарааллыг урьдчилж гаргах, төсөв тооцоолох зэрэг багтана. Дараагийн хэсэгт эдгээр бүх алхмын ерөнхий тоймыг тусгасан. Харин удаах бүлэгт эдгээр алхмыг хэрхэн, яаж хэрэгжүүлэхийг нарийвчлан зааварчилсан болно.