1.2.2. Баримтын хүрэлцээтэй байдал


Эх сурвалжыг жагсаасны дараа, таамаглал шалгахад шаардлагатай баримт нотолгоонд юуг хамааруулах, эсвэл асуултад чинь бүрэн дүүрэн хариулт болох баримт байгаа эсэхийг тодорхойлно. Усан сан өмнөхөөсөө  чанарын шалгалт цөөн удаа явуулдаг болсон гэдгийг энэ баримт хангалттай батлах уу? Эсвэл чанарын шалгалт хийх давтамжийг цөөлснөөр ямар үр дагавар гарсан бэ гэдэгт нэмэлт материал хэрэгтэй юу? Чадварлаг эрэн сурвалжлагч нар зөвхөн таамаглалыг батлахад шаардлагатай материал цуглуулах бус няцаах баримтыг ч хамт цуглуулдаг. Жишээлбэл, Засгийн газрын ажилтан аль хэдийнэ баяжсан тул 10 мянган ам.долларын авлига авч үйлчилгээ үзүүлэхийг нэг их хүсэхгүй. Няцаах баримтыг эрэн сурвалжлах гэдэг нь “хүсэл төдий бодолд” гэдэг урхинд автахаас сэргийлдэг (хүсэл төдий бодол – гэдэг нь яавал илүү амар хялбар байх бол гэж шийдвэр гаргах, түүндээ итгэх). Эрэн сурвалжилгын бүхий л үе шатанд өөрөөсөө найдвартай, бүрэн төгс нотлох баримтыг асуусаар байх шаардлагатай, эх сурвалжийн төрлүүд, эх сурвалжийн тоо, баримт, гэрчийг чинь юу үгүйсгэж болзошгүй гэдгийг хүртэл бодоорой. Цуглуулсан нотлох баримтуудаас  аль нь илүү анхаарал болгоомжил, олон удаагийн нягтлал шаардлагатай байна вэ? Эдгээрийг эрэн сурвалжилгын үедээ тогтмол асууж, хянаж чадах уу?

“Нотолгоо” гэдэг ухагдахууныг юу гэж тодорхойлж байгааг сайн анхаарна уу. Ямар нэгэн зүйлийн талаар хөдлөшгүй баримт олно гэдэг тун ховор – үүнийг “дарь нь үнэртсэн буу” гэж нэрлэдэг. Таны таамаглал зөв гэдгийг батлах хангалттай баримт цуглуулж болно. Энэ нь эрүүгийн гэмт хэрэгт ял онооход  туйлын тодорхой байдлыг, иргэний хэрэгт тодорхойгүй “магадлал”-ыг харгалзаж хариуцлага тооцдогтой адилхан юм. Сурвалжилгын эцсийн ноорог бэлэн болмогц баримтууд чинь үнэхээр баталгаатай юу, тодорхойгүй магадлал уу гэдэг нь харагдах бөгөөд ус нэвтэрдэггүй баримт нотолгоо байхгүй байсан ч сурвалжилга чинь бэлэн болсонд тооцож болно. Харин хэрхэн бичих вэ гэдэг нь маш чухал бөгөөд туйлын анхааралтай байдлыг шаардана.