Бодит санаагаа тодорхойлж, таамаглал дэвшүүлсний дараа  эх сурвалж олох нь эрэн сурвалжилга хийх бас нэгэн алхам болно. Тухайн сонгосон сэдвийн гол дүрүүд хэн болох, тэдний үйлдлийг нотлох баримт хэнд байгааг тодорхойлно. Олон нийтийн мэдээлж байгаагаас ажиглахад ихэнхдээ засгийн газар, эмнэлгийн ажилчид, тодорхой албан байгууллагууд, гэмт хэргийн бүлэглэл, эсвэл авлигад  идэгдсэн улс төрчид рүү чиглэсэн байдаг. Олон төрлийн эх сурвалжууд дэвшүүлсэн таамаглалыг чинь нэг бол баталж, үгүй бол няцаах болно. Ямар ч үед хоёр төрлийн эх сурвалжийн зарчмыг баримтлаарай. Өөрөөр хэлбэл нэг төрлийн ижил мэдээллийг хоёр эх сурвалжаар баталгаажуулна гэсэн үг юм. Эдгээр эх сурвалжууд таны ар талыг даах, хамгаалах мэргэжилтнүүд шиг байх болно /холбогдох хаягийг нь дэвтэртээ тэмдэглэж авсан эсэхээ шалгаарай/. Эх сурвалжууд чинь анхдагч эсвэл хоёрдогч байж болно.

Анхдагч эх сурвалж: Ийм эх сурвалж нь ямар нэгэн дамжлагагүй анхдагч нотлох баримт болдог ба сэдвийн гол үйл явдалтай шууд холбогдсон байдаг. Жишээлбэл, өвчтөн сувилагчаас эмнэлгийн арын хаалгаар эм худалдаж авсан бол өвчтөн өөрийн биеэр тэрхүү үйл явдлын гэрч болсноор өөрт байгаа мэдээллээ чамд өгч болно. Гэхдээ мөн чанартаа сувилагч нар ерөнхийдөө юу хийдгийг шууд нотлох баримт болж чадахгүй. Усны байгууламжийн ажилтанд удирдлагаас нь усны цэвэршүүлэлтийг долоо хоногт нэг удаа биш сард нэг удаа шалгах үүрэг өгсөн байж болно. Засгийн газрын гишүүний банкны тодорхойлолт дээр түүнийг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зэвсэг нийлүүлэгч  компаниас мөнгө авсан баримт нь гарч ирж болно. Анхдагч эх сурвалжийг “анхдагч” гэдгийг нь нотолж, үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэхийг нь тогтоож чадвал энэ нь хамгийн үнэ цэнэтэй эх сурвалж болох учиртай. Яагаад гэвэл ямар нэгэн шат дамжлагагүй шууд баталгаа нь өөрсдөө болдог юм. Ихэвчлэн, тэднийг олоход хэцүү байдаг. Иймэрхүү үйл явдлын гэрч болсон хүн мэдээлэл өгөх дургуй байдаг нь хожим дарамт шахалтад орохоос айдагтай холбоотой. Мөн банк, эмнэлэг зэрэг газруудтай холбоотой баримт бичиг, мэдээлэл хувийн нууцлалтай холбоотой тул хуулийн дагуу хязгаарлагдмал байдаг.

Хоёрдогч эх сурвал: Энэхүү эх сурвалжид хэвлэгдсэн нийтлэл, материал, байгууллагаас гаргасан албан ёсны судалгаа, тайлан төдийгүй “Манай нэг найзын хэлснээр…” гэж эш татсан дам мэдээллүүд бүгд багтана. Хоёрдогч эх сурвалж чухал үүрэгтэй. Агуулгаа тодорхойлж, суурийг нь цутгахад ач холбогдол өндөртэй байдаг. Мөн асуудлыг тайлбарлахад дөхөм болох бөгөөд бусад эх сурвалжуудтай холбоо тогтоох гарцыг нээж өгнө. Гэхдээ хоёрдогч эх сурвалж болж буй бүхий л баримтыг /хүн ч бай/ сайтар нягтлах ёстой.

Нэмж дурдахад, аман эх сурвалж, бичиг баримт, дижитал (веб) гэсэн гурван төрлийн эх сурвалжаас сонгох боломжтой.

(a) Аман эх сурвалж: Энэ ойлголтод олон эх сурвалж багтана: гол тоглогч /оролцогч/, нүдээр харсан гэрч, мэргэжилтнүүд, сонирхлын бүлэг, идэвхтэн болон эсэргүүцэгчид. Эх сурвалж болж буй хүмүүсийнхээ албан ёсны бичиг баримтыг сайтар шалгаж, байр суурь,  зорилго зэргийг нь ойлгох хэрэгтэй. Хэрвээ ус хувьчлах асуудлаар сурвалжилга бэлтгэж байгаа бол, хувьчлалын эсрэг байгаа байгууллагууд чамд чухал мэдээллийг өгөхөд бэлэн байх болно. Гэхдээ энэхүү мэдээлэл нь зөвхөн нэг талыг баримталсан байхаас гадна олон бүлэг хүмүүсийг төлөөлдөг гэдгийг анхаараарай. Тухайн байгууллага  хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэхдээ зарим чухал хэсгийг нь хасах, орхигдуулах эсвэл өөрчилж магадгүй. Заримдаа санамсаргүй тийм тохиолдол гардаг. Ийм учраас янз бүрийн санал сэтгэгдлийг өргөн цар хүрээтэйгээр авч үзээрэй. Тухайлбал хүнтэй уулзаж ярилцаж байгаа бол тэдгээр хүмүүсийг бүх нийтийн төлөөлөл болж чадаж байхаа эсэхийг эргэн нэг харах – эмэгтэй, эрэгтэй, залуу үе, ахмад настан, мөн янз бүрийн цалин орлоготой, өөр өөр сонирхлын бүлгийн төлөөлөл болох гэх зэргээр анхаарах хэрэгтэй Хэн нэгний саналыг асуух нь сурвалжилгыг илүү амьд, бодитой болгох болно. Хэзээ ч бичиг баримт эсвэл цахим эх сурвалжийг дангаар нь ашиглаж болохгүй.

(b) Бичиг баримт буюу хэвлэмэл эх сурвалж: Үүнд ном, сонин, сэтгүүл, албан бичиг, банкны хуулга, гэрээ зэрэг бизнесийн баримтууд бүгд багтана. Мөн “саарал” материал буюу хэвлэгдээгүй ч эргэлтэд орсон бичиг баримтууд орно. Тухайлбал эрдмийн ажил, хувийн байгууллагын хийсэн судалгаа зэрэг орох бөгөөд эдгээр нь найдвартайд тооцогддог. Ихэвчлэн иймэрхүү хэвлэмэл эх сурвалжид хайж байгаа баримт нотолгоо агуулагдаж байдаг. Бид үүнийг “цаас дагах” гэж нэрлэдэг.

Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүлчид ийнхүү хэвлэмэл эх сурвалжийг ашиглахад дараах бэрхшээл тулгардаг: Магадгүй тухайн эх сурвалжид дурдагдсан баримтыг бодит эсэхийг сэтгүүлч олж мэдэж чадахгүй байх, эсвэл эмх замбараагүйн улмаас хайлт хийхэд хүндрэлтэй байх, эсвэл мэдээллийн нээлттэй байдлын хууль байхгүйн улмаас хэвлэмэл бичиг баримт ашиглах эрх хязгаарлагдмал байх зэргийг дурдаж болох юм. Энэ хүрээнд заавал анхаарвал зохих нэг зүйл бол хэн нэгэн албан тушаалтан өөрийнхөө эсвэл төр засгийн бульхайг илчлэхгүйн тулд мэдээлэл хайх үйл ажиллагааг чинь зогсоож болзошгүй. Эрэн сурвалжилга хийхдээ анхдагч эх сурвалжаа хайх нь хамгийн гол ажил бөгөөд ямар төрлийн бичиг баримт байх вэ гэдгээс эхлэн хаана, хэрхэн хадгалагдаж байгаа, яаж олж авах вэ гэсэн асуудлууд гарч ирдэг. Хэрвээ албан ёсны зөвшөөрөл хүсч байж олж авах бичиг баримтууд бол эртнээс хийж эхлэх нь зүйтэй. Учир нь иймэрхүү албаны хүсэлт хэдэн долоо хоногоос сар гаран ч болох тохиолдол бий. Мэдээжийн буюу хэтэрхий ойлгомжтой материал бол эх сурвалж биш юм. Тухайлбал,лавлах, утасны жагсаалт гэх мэт.


Америкийн эрэн сурвалжлагч ахмад сэтгүүлчдийн нэг Билл Гэйнсийг амжилтад хүргэсэн бичиг баримт судлах арга нь:

“Би бусад хүмүүсийн орхигдуулсан сурвалжилгыг хийдгийн учир гэвэл үргэлж бичиг баримт олж болох газар луу явдаг байсантай холбоотой” гэж тэрбээр хэлж байсан. Гэйнс ихэвчлэн нууц бичиг баримт ухаж, нэгжилгүй олонд нээлттэй байдаг материалыг л хянаж шалгадаг байсан юм. Тэрбээр нэг удаа үл хөдлөх хөрөнгийн тайлан ухаж байгаад нэг компанийн бизнес бүртгэл дээрх баримт дээр тулгуурлаж тухайн компанийг авлига авсныг илрүүлж байсан билээ.


(c) Дижитал эх сурвалж: Энэ нь интернетэд байгаа эсвэл дижитал байдлаар хадгалагдсан бүхий л мэдээллийг хамруулдаг. Дижитал эх сурвалжийг хайж олох, баримт материал цуглуулахад янз бүрийн ур чадвар шаардлагагүй. Интернетэд байгаа мэдээлэл хэдийгээр нүд эрээлжилмээр их ч гэлээ хаанаас хүссэн мэдээллээ олж авч болохыг мэддэг байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл тухайн хайж буй мэдээллийнхээ үндэс нь хаана байгааг мэддэг байх шаардлагатай юм. Мөн албан тушаалтнууд өөрсдийнхөө талаар юу гэж бичиж, ярьж байгааг судлахын зэрэгцээ эргэн тойрных нь хүмүүс тэдний талаар юу гэж байгааг давхар судлах хэрэгтэй. Гэхдээ байнга санаж байх нэг зүйл бол интернет, цахим хуудас гэдэг нь зарим талаар удирдах, хянах боломжгүй орчин гэдгийг анхаараарай. Тухайлбал, хүн бүхэн хүссэн зүйлээ интернетэд оруулах эрхтэй бөгөөд үүний дотор ор тас худал зохиомол зүйлс ч багтаж байдаг. Мөн цахим мэдээлэл урт хугацаанд хадгалагддаг бөгөөд зарим ашиглаж болохуйц материалын он, сар, өдөр нь хэт хуучирсан байдаг. Хамгийн сүүлийн үеийн, шинэ мэдээллийг хайж байх нь зүйтэй. Европын Сэтгүүл зүйн Төвийн гаргасан “Нягтлан шалгах гарын авлага”-ыг үнэгүй татаж аваарай. Үүнд дижитал материалтай хэрхэн ажиллах арга зүй, техникийг зааварчилсан байгаа.

(d) Бүлэг эх сурвалж: Энэ нь аман болон дижитал эх сурвалжийг хослуулах шинэ арга юм. Энэ нь хэвлэл мэдээллийн хүлээн авагчдыг эрэн сурвалжилгын нийтлэлийн мөрөөр нэмэлт мэдээлэл өгч, хувь нэмрээ оруулахыг уриалдаг.