1.3. Арга зүй


Шаардлагатай баримт материал, эх сурвалжийг шууд хайгаад л олчих боломжгүй. Тэдгээрийг олохын тулд бүтээлчээр эрж хайж арга зүйг ашиглах хэрэгтэй. Ихэнхдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажилд л иймэрхүү арга зүйг ашигладаг гэж боддог ч тийм биш бөгөөд энэ нь судалгааг чанартай хийхийн тулд тодорхой аргачлал ашиглах тухай ойлголт юм. Баримт материал хайх, судлах, биечлэн ярилцлага хийх, цахим хуудсуудаар зочилж, ажиглалт хийх зэрэг маш олон төрлийн арга зүйг ашиглах боломжтой бөгөөд хамгийн найдвартай аргыг сонгох хэрэгтэй. Аль эх сурвалжийг ашиглах, тэр болгонд хэр их хугацаа зарцуулах, хийснээ тэмдэглэх арга замыг сонгох эсэх, ажлаа дуустал эдгээрийг хэрхэн үргэлжлүүлэх зэргийг нарийвчлан төлөвлөнө.

Таамаглалыг баталгаажуулах хангалттай баримт цуглуулахыг хичээ. Сэдвийн  агуулга, суурь мэдээлэл, үйл явдлын өрнөл түүх зэрэг ерөнхий зураглалыг бий болгох нь шууд бус байдлаар арга замыг тодорхойлж байгаа нэг хэлбэр юм. Гэхдээ эдгээрийг анхдагч эх сурвалжаар дамжуулж цуглуулах нь илүү үр дүнтэй.

Мөн арга зүйг тодорхойлох гэдэг нь тулгарч болзошгүй саад бэрхшээлийг тооцоход чухал ач холбогдолтой. Хэрэв ямар нэг тодорхой баримтыг олж авах гарц хаалттай, эсвэл хэн нэг нь яриа өгөхөөс татгалзвал бэрхшээл тулгарна. Тэр үед “Б” төлөвлөгөө бий юу? Хаалттай баримт материал, эсвэл татгалзсан эх сурвалжаас өөр, ижил төстэй баримт материал, эх сурвалж хайж олох, анхны төсөөлөлтэй тэнцэхүйц “нотолгоо”, эсвэл “няцаалт” болж чадах уу?

Арга зүй тодорхойлсны дараа сурвалжилгынхаа цагийн хуваарийг гаргаж, төсвийг тооцох шаардлагатай. Цагийн хуваарь гэдэг нь сурвалжилгыг нийтдээ хэр урт хугацаанд хийхийг хэлэх бөгөөд архивын баримттай танилцах, ярилцлага хийх, цахим хуудсаар хайгуул хийх, найруулан бичих зэрэг ажилд хэдэн цаг зарцуулахаа нарийн тооцоолсон байх ёстой.
Янз бүрийн   ажилд зарцуулах цагийг тодорхойлсны дараа нийт төслийн эцсийн хугацаа болон дуусгах наад захын хугацааг товлоно. Сурвалжилгаа ийнхүү цагалбарт оруулсан бол эхнээс нь  хийх ажлын хуваарийг гаргаарай. Тухайлбал, хэзээ, хэнтэй ярилцлага хийх, эсвэл судалгааг хэзээ хийх гэх мэт. Мөн судалгааг дуусгаж, сэдвээ багцалсны дараа бичих, редакторлах шаардлага гарах бөгөөд энэ хугацааг оруулан эцсийн хугацааг тодорхой болгох хэрэгтэй. Мөн түүнчлэн зөвшилцөх нь энэ бүх ажиллагааны нэг хэсэг бөгөөд цагийн хуваарийг мөрдөхдөө харилцаж, зөвшилцөх ёстой гэсэн үг юм.

Хэрвээ таны сэдэв олны анхаарлыг татсан “ноцтой сэдэв” бол бусад хэвлэл мэдээллийнхэн хамт уралдаж байгааг битгий мартаарай. Тиймээс тэднээс түрүүлж өөрийн сурвалжилгыг олонд хүргэхийг хүсвэл яаравчлах шаардлагатай. Гэхдээ эрэн сурвалжилгыг шуурхай хийж, хасаж танах ёсгүй, учир нь энэ нь хууль эрх зүйн хүрээнд олон үр дагаврыг дагуулдаг хариуцлагатай ажил юм. Хэдийгээр эрэн сурвалжилгыг бүрмөсөн дуусгаагүй байсан ч цагийн хуваарийг  нягталж, уялдаа холбоо, үнэн бодит байдлын хувьд аль хэсгийг нь түрүүлж нийтэлж болохоор байгааг хэсэгчлэн сонгож болно.