Сурвалжилга хийх эхний үед аль болох ихийг унших, мэдэх хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ нь үргэлж шилдэг стратеги болж чаддаггүй. Унших нь урт удаан хугацаа шаарддаг. Хэрвээ интернетээр судалгаа хийж байгаа бол тэр нь цөөн хэдэн бус, бүр хэдэн зуугаар тоологдох холбоос мэдээллийн илэрцийг  гаргаж өгөх болно. Тиймээс суурь болох мэдээллийг гүйлгэж уншвал зохино. Интернет мэдээллийн хайлт нь хэтэрхий  өргөн хүрээтэй агуулгатай байх ёсгүй (түлхүүр үг ашиглан эшлэл үүсгэж хайх нь илүү үр дүнтэй). Чиний сонирхлыг татсан, шаардлагатай байж магадгүй гэсэн холбоосыг сануул ( bookmark). Ингэснээр тухайн холбоосыг дахин хайж, цаг үрэх шаардлагагүй болно.

Мөн хамгийн шилдэг гэсэн ганцхан мэргэжилтнийг хайж цагаа бүү үр. Аль болох утасны жагсаалтаас харж байгаад боломжит гэсэн бүхий л хүмүүстэйгээ холбоо тогтоо. Сэдвээ дэлгэрүүлж байхдаа өмнө нь уулзаж ярилцсан эх сурвалжтай дахин холбогдож шаардлагатай мэдээллийг лавлаж асуухаас санаа зовохгүй ажиллах хэрэгтэй. Ийм тохиолдолд гүнзгийрүүлэн судлахад гол нь биш өргөн хүрээг хамарч эрэл хайгуул хийх нь чухал байдаг.

Жижиг хэмжээний цагийн хуваарь гарга, судалгааны яг аль хэсэг нь хамгийн чухал вэ гэдгээс эхэлж эрэмбэл. Тэгээд тус бүрт нь хэчнээн цаг зарцуулах боломжтойг тооцон бич. Олж уулзахад бэрх нэг хүн, эсвэл нэг баримтын хойноос хэтэрхий удаан явж, цаг үрэх ямар ч шаардлагагүй, өөр аргаар,  хэрэгтэй мэдээлэл олж авах аргыг эрэлхийл.