Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж авлигыг илчлэх, засгийн газар, корпорацийн бодлогыг хянан шалгах, эсвэл нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын чиг хандлагад олон нийтийн анхаарлыг татахуйц аливаа нэгэн сэдвийг сурвалжлагч гүнзгийрүүлэн судалдаг сэтгүүл зүйн өвөрмөц төрлийг хэлнэ. Эрэн сурвалжлах сэтгүүлч, сэтгүүлчдийн баг нэг сэдвийг судлахад хэдэн сар, жилийг зарцуулж болно. Сурвалжлагч засгийн газар, ТББ, бусад агентлагаас тараасан мэдээлэлд найддаг уламжлалт сурвалжилгаас ялгаатай нь эрэн сурвалжлагч хувийн санаачилгаар цуглуулсан мэдээлэлд тулгуурладаг. Санаатай, санаандгүй аль нь боловч нуун дарагдуулсан олон нийтэд хамаатай асуудлыг илрүүлэх нь эрэн сурвалжилгын гол зорилго юм.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд сурвалжлагч олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал буюу сэдвийг гүн гүнзгий судлах шаардлагатай болдог. “Олон нийтийн эрх ашиг” гэдэгт тухайн мэдээллийг мэдээгүйгээс бүлэг хүмүүс хохирох эсвэл мэдсэнээр ашиг тус хүртэх (биет болон зөв шийдвэр гаргахад туслах зэрэг) нөхцөлийг ойлгоно. Тухайлбал, ойд оршин суугчид модны зах зээлийн бодит үнэ ханшийг мэдсэнээр мод бэлтгэгч компанийн татуу үнийг өсгөж чадна. Модны үнэ өсөх учраас мэдээж мод бэлтгэлийн салбарынхан энэ мэдээллийг ил болгохыг хүсэхгүй. Энэ мэдээ улсын хэмжээнд нөлөө үзүүлэхгүй бөгөөд чухамдаа “олон нийтийн эрх ашиг” нь “үндэсний эрх ашиг”-аас ихэнх тохиолдолд ялгаатай байдаг. Энэ ойлголтыг зарим үед засгийн газар хууль бус, аюултай, ёс зүйгүй үйлдлийг зөвтгөх буюу чухал асуудлыг сурвалжилж байгаа сэтгүүлчдийг мохоохдоо ашиглах нь бий.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нь эгшин зуурын хэрэг биш. Төлөвлөх, судлах, сурвалжлах гэсэн тодорхой үе шатаар дамжиж, хүчин төгөлдөр стандартын дагуу хөдөлшгүй үнэн, баталгаат байдлыг хангах шаардлагатай байдаг. Эрэн сурвалжлах сэдэв нь сэтгүүлчийн, хэрэв эх сурвалж зөвшөөрвөл, түүний багийн идэвх санаачилгад суурилдаг. Сэтгүүлчид сэдвийн үзүүрээс бариад авбал таамаглал дэвшүүлж, нэмэлт судалгаа төлөвлөн, холбогдох асуултууд сонгон тэдгээрийн дагуу эрэн сурвалжилж эхэлнэ. Ингэж сэдвийн эхний сэжгийг нягталж шалгах ба хариултад өөрсдөө дүн шинжилгээ хийж, батлах замаар нотолгоо бүрдүүлэх ёстой. Эцсийн бүтээлээр цоо шинэ мэдээлэл дэлгэх, эсвэл өмнөх хуучин мэдээллийг цуглуулж, ач холбогдолтой шинэ өнцгөөс нь үзүүлнэ. Нэг эх сурвалж хүртэл нуугдаж дарагдсан мэдлэг, мэдээллийг задалж, ямар ч сонирхолтой баримтыг ил гаргаж болно. Гэхдээ ийм эх сурвалжийн мэдээг туршилт, баримт бичиг болон хүний оролцоотойгоор бусад эх сурвалжаас давхар шалгаж, утга учрыг нь олж илрүүлэх хүртэл эрэн сурвалжилгад тооцохгүй.
Эрэн сурвалжилга нь уламжлалт сурвалжилгатай харьцуулахад илүү их нөөц, багийн ажиллагаа, цаг хугацаа шаарддаг. Ийм төрлийн олон бүтээл амжилттай багийн ажиллагааны үр дүнд гарсан байдаг. Гэхдээ хязгаарлагдмал цаг, хөрөнгө мөнгө, ажилтан буюу мэргэшсэн ур чадвар бүхий бүс нутгийн, жижиг, хэсэг бүлэг хүмүүст зориулсан хэвлэл мэдээллийнхэнд эрэн сурвалжилга хийх нь хүндрэлтэй. Ийм бэрхшээлтэй тулгарсан сэтгүүлч эрэн сурвалжлах ажилд дэмжлэг болохуйц мөнгөн тэтгэмж хайх, гадны мэргэжилтний ур чадварыг дайчлах хэрэгтэй байж болох юм.

Конго улсын сэтгүүлч Сэйж Фидель Гаяла багийн ажиллагааны эерэг сөрөг нотолгоог дэвшүүлж байна:

Гишүүн бүр нь хэрэгцээтэй чиглэлээр мэргэшсэн, өөрийн байгуулсан жижиг багт ажиллах нь бүтээмжтэй байж болно. Нэг сэтгүүлч газар дээрээс нь эрэн сурвалжилж, нөгөө нь судалгаа хийж, баримт бичиг бүрдүүлэхдээ мэргэшсэн бол гурав дахь нь мэдээ бичдэг байж болох юм. Багаараа хурдтай ажиллаж, мэдээг цаг тухайд нь шуурхай хүргэх боломжтой. Гэхдээ бид ажиллаж байгаа улсад маань маш олон бохир мэдээний редакц ажиллаж  байгааг ойлгох ёстой. Мэдээний редакцын тоглогчид салбарынхныгаа болоод бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдын олон төрлийн урхинд унаж, аюулд өртөх, эсвэл худалдагдах магадлалтай. Манайд хэвлэл мэдээллийн олон байгууллага  эх үүсвэр нь тодорхойгүй эсвэл аль нэг сонирхлын бүлгийн төлөөллөөс гарааны хөрөнгөө авч ажиллаж байна. Редакторууд бол тэргүүн зэргийн “бай”, зарим тохиолдолд гол буруутан нь болдог. Ийм нөхцөлд ажиллаж байгаа залуу сэтгүүлч эрэн сурвалжилгын төслөө хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг.

Recommendation
Recommendation

Recommendation