Хэрэв ур чадвар талаас ярьж байгаа бол хариулт нь “тийм”, сэтгүүлч бол мөрдөгч мөн. Эрэн сурвалжлах мэдээ болгон асуултаас эхэлдэг. Сэтгүүлч сэдвийн өнцөг болон нийгмийн ач холбогдлын талаарх таамаглал боловсруулахын тулд асуултаа судалдаг. Тэгээд баримт бичгүүдийг шалгах, заримдаа байцаалт ч гэмээр ярилцлагууд хийх, мэргэжлийн үг хэллэг бүхий их хэмжээний дэлгэрэнгүй нотолгоог нэгтгэх зэргээр нэмэлт судалгаанууд хийж эхэлнэ.
Сэтгүүлчид аль зэрэг бодитой баримт, шийдвэрлэх нотолгоо болж чадах эсэхийг харгалзаж (шүүх хурал дээр ашиглагддаг) хүчин төгөлдөр стандартыг ашигладаг. Бусдыг гүтгэх нь хуулиар зохицуулагддаг учир сэтгүүлчийн эрэн сурвалжлах ажиллагааны стандарт, баримт нягталж шалгах үйл явц нь мөрдөгч хэргийн баримт цуглуулдгаас хэтрэхгүй байвал зохино.
Зарим үед “Эрэн сурвалжлах сэтгүүлчид микрофон, камераа далдалж, нууц ажиллагаа явуулах зэргээр мөрдөгч нар шиг ажиллаж болох уу” гэсэн асуулт гарч ирдэг. Хариулт нь маш түвэгтэй. Эрэн сурвалжлах сэтгүүлч нар, тэдний дотор зарим шилдгүүд нь ч ийм аргыг ашигладаг. Гэхдээ мөрдөгч нарын нууц ажиллагааны хүрээ хязгаар болон цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа иргэний эрхийг ихэнх тохиолдолд хуулийн хэм хэмжээнд зохицуулсан байдгийг санах хэрэгтэй. Сэтгүүлчид ёс зүйн хэм хэмжээндээ найддаг боловч энэ нь хувь хүний нууцын тухай хуулиас чөлөөлөхгүй. Иймд ёс зүйтэй сэтгүүл зүйг баримталж, ял шийтгэлд унахаас болгоомжлохын  тулд эрэн сурвалжлах сэтгүүлчид нууцаар ажиллахын өмнө нөхцөл байдлыг сайтар үнэлэх хэрэгтэй. Нууц камер, дуу хураагуурын материал нь зөвхөн түүхий баримт болж хадгалагдах ба цугларсан материалд дүн шинжилгээ хийх, шалгах, нөхцөл байдалтай нь уялдуулж ашиглахад шууд ашиглах боломжгүй. Хэрэв та хаанаас хайх болон хэрхэн нэгтгэхээ мэддэг бол маш олон баримт материал нийтэд нээлттэй байдаг.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид болон мөрдөгчид олон талаар ижил боловч бас хэд хэдэн зүйлээр ялгаатай. Зарим тохиолдолд сэтгүүл зүйн эрэн сурвалжлах ажиллагааны зорилго нь гэм бурууг нотлох бус, зүгээр л гэрчлэх явдал байдаг. Мөрдөгчид гэм буруутныг нотолмогц зогсдог бол эрэн сурвалжлагч хариултыг олсон ч цааш үргэлжилсээр байдаг. Эхлээд зөв баримт цуглуулж, дараа нь баримтыг зөв илэрхийлнэ. Мэдээний утга учрыг гаргаж, үйл явдал, үйл ажиллагаа эсвэл баримт нотолгоог замчилж үзүүлдэг. Эрэн сурвалжилгын бүтээл буруутныг шууд чичлэхээс илүүтэй үйл явдлын өрнөсөн зам, асуудлын нарийн учир шалтгааныг тайлбарладаг. Эрэн сурвалжлах сэтгүүлч ажлаа гүнзгийрүүлэн судлах тусам нотолгоо нь төдий чинээ эргэлзээгүй болдог.
Угаас “уур бухимдлын сэтгүүл зүй” гэгддэг эрэн сурвалжилгад мэдээний хоёр талыг зохиомлоор тэнцвэржүүлдэггүй. Харин түүний оронд үзүүлэх мэдээ нь гарцаагүй зөв эсэхийг нягталдаг. Энд “Бидний буруу ч байж болно”, “Бид ташаа ойлгосон байх магадлалтай” гэх мэт бүрхэгдүүлсэн тайлбар байдаггүй. Хэрэв ийм эргэлзээ байсаар байвал хангалттай нарийн судлаагүй, бүтээлийг хэвлэн нийтлэхэд бэлэн биш гэсэн үг. Мэдээ нь хоёрхон талд хуваагдана гэж хэзээ ч үгүй. Харин олон талыг тайлбарлаж, дан ганц юу болсныг бус яагаад болсныг дамжуулан хүргэх замаар эрэн сурвалжлах бүтээлийн тэнцвэртэй байдлыг хангадаг. Мөрдөгч нөхцөл байдлыг зөөллөх тайлбарыг өмгөөлөгчид үлдээдэг бол эрэн сурвалжлах сэтгүүлч нөхцөл байдлыг бүхэлд нь тайлбарладаг.
Нөгөө талаар эрэн сурвалжлах сэтгүүлчид эрдэмтэн судлаачид шиг ажилладаг. Мэдээний санааг нь дэмжих хангалттай баримт нотолгоо цуглуулах хүртэл сэтгүүлчид бүх талаар нээлттэй сэтгэх шаардлагатай. Энэ нь эсрэг нотолгоог орхигдуулахгүй байж, эсрэг чиглэлд үйлчилж байвал дүгнэлт өөрчлөхүйц уян хатан байхыг хэлж байгаа юм. Энэ бүх талаараа сэтгүүлчийн ажил нь таамаглал дэвшүүлж, зөв эсэхийг нь шалгадаг эрдэм шинжилгээний үйл явцтай төстэй.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид мөн менежерүүд байдаг. Нарийн судалгаа шаардлагатай урт хугацааны, томоохон төслүүд дээр эрэн сурвалжлах сэтгүүлчид багийн бусад гишүүн болон мэргэжилтнүүдтэй ажиллаж, сэдвийн төлөвлөгөөг чанд сахих шаардлагатай болдог. Иймд сэтгүүлчид товч тодорхой харилцах, багаар ажиллах чадваруудыг эзэмших хэрэгтэй юм.

Recommendation
Recommendation

Recommendation