Сэтгэл татам ажил бөгөөд од болох гарааг ч эхлүүлж магадгүй.
“Ерөнхийлөгчийн бүх эрчүүд” киноны зурган дээр яагаад Вотргэйтийн сэтгүүлчид биш, тэдний дүрд тоглосон жүжигчид (Роберт Рэдфорд, Дастин Хофмэн) байдаг вэ? Тийм ээ, сэрж үз. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэцүү, уйтгартай, заримдаа аюултай ажил гэдгийг бодит байдал харуулж байна.

Сэтгүүлчид нь сурвалжилсан мэдээнээсээ чухал.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь биеэ өргөмжлөх бус олон нийтэд үйлчлэх зорилготой ба эрэн сурвалжлах сэтгүүлч байснаар мэргэжлийн ёс зүйн стандартыг уландаа гишгэх давуу эрх эдлэхгүй.

Эрэн сурвалжлах сэтгүүлч бол  “гол дүрийн баатар” л гэсэн үг.
Кино бүтээгчийн нүдээр бол аливаа үйл явдал нэг этгээдийг тойрон өрнөдөг учраас зохиолын  гол дүрийн баатартай байх нь энгийн үзэгдэл. Харин бодит байдал дээр эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь багийн ажиллагаа л байхгүй бол оршин тогтнох үндэс үгүй.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг гол төлөв хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл явуулдаг.
Зарим талаар үнэн. Гэхдээ төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгсэл засгийн газрын эсрэг эрэн сурвалжилгыг эхлүүлэн явуулж байсан алдартай жишээнүүд ч байдаг.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй зөвхөн хар бараан мэдээг сурвалжилдаг.
Нийгмийн бүлэг хүмүүс болоод тэдгээрт үйлчилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь буруу зүйлийг олж илрүүлэх, засахыг чухалчилдаг. Харин эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хувьд эерэг мэдээг илчлэх бас үүрэгтэй. Тухайлбал, хүмүүс эсвэл нийгмийн бүлгийн тэнцвэргүй, сөрөг дүр зургийг үнэн зөв мэдээллээр буцааж эерэгжүүлэх нь эрэн сурвалжилгын жинхэнэ, сайн мэдээний үндэс болох боломжтой. Түүнээс гадна “хүний нэр төрийг цэвэрлэх” гэгддэг ийм төрлийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй олон нийтийг тэгтлээ баярлуулдаггүй. Энгийн дуулиан шуугиан тараах гол зорилго нь хүмүүсийн сонирхлыг бусдын хувийн амьдралд хандуулахаас хэтэрдэггүй. Харин хувийн зүй бус авираас хэтэрч олон нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц асуудал гарсан үед дуулиан шуугиан нь эрэн сурвалжлахуйц үнэ цэнэтэй болдог.

Эрэн сурвалжилга ер нь л сайн сурвалжилга болдог.
Уг тодорхойлолт сэтгүүлчдийг “хоточ нохой” шиг үзэж, буруу зүйлийг шиншилж, хуруугаар чичлэн буруутгаж, өөрчлөлт авчрахын тулд сурвалжилдаг хэмээх уламжлалт ойлголтоос үүдэлтэй. Энэ мэдээж үүргийнх нь нэг хэсэг. Авлигачдыг зогсоох нь чухал. Гэвч эрэн сурвалжилгаар гэмт этгээдийн ийм байдлыг өөгшүүлж буй алдаатай тогтолцоог олж харахгүй юм бол шинэ луйварчдад яг ижил зүйлийг хийх хөрсийг нь цэвэрлэж өгч байгаа үйл хэрэг юм (яаж илүү сайн гүйцэтгэхийг нь зааж ч магадгүй). Эрэн сурвалжлах мэдээгээр цаад асуудлыг тодорхойлж, нэгэнт ил гарсан аргыг нь таслан зогсоохыг эрх бүхий хүмүүст сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хэрэв тэрхүү эрх мэдэлтнүүд арга хэмжээ авахгүй бол учир шалтгааныг нь тодруулах нэмэлт эрэн сурвалжилга шаардлагатай гэсэн үг. Иймд эрэн сурвалжлах сэтгүүлчид ажиглалт, танадалт судалгаа хийх, хариултаа олж авахын тулд тууштай мөрдөх зэрэг ур чадвартай байх ёстой. Гэхдээ дан ганц эдгээр шалгуураар эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ажлыг тодорхойлж болохгүй, бусад мэргэжлээс ч ангид салгаж болохгүй юм.

Recommendation
Recommendation

Recommendation