Хүсэл тэмүүлэл

Эрэн сурвалжлах сэтгүүлчийн хувьд хүсэл тэмүүлэл хамгийн чухал үнэт зүйл болохыг Эвелин Гроенинк онцолжээ:

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол ихэнхдээ талархал хүлээдэггүй хүчин чармайлт юм. Цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байгаа зүйл чинь редакторыг чинь хүлээцгүй хандахад хүргэж, хүч чадалтай, эрх мэдэлтэй хүмүүсийг залхаана. Хэрэв чи тогтмол цалинтай, байнгын ахиц дэвшилтэй ажиллахыг хүсдэг бол, хэрэв чиний туйлын хүсэл хийсэнтэйгээ дүйцэхүйц шан харамжтай ажиллаж, VIP зэрэглэлийн хүмүүстэй хамт оройн зоог барьж, үдэшлэгт уригдах юм бол чамд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэзээ ч тохирохгүй. Гэхдээ чи хэчнээн их цаг хугацаа, хэчнээн их хичээл зүтгэл гаргаад ч хамаагүй саад бэрхшээлтэй нүүр тулж чаддаг, шударга, эрх тэгш байдлын төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, уншигч үзэгчдэдээ хүссэн сэдвээр нь үнэнийг өгч, хэдий хүч чадалтай хүмүүс чамд таагүй хандлагатай болсон ч хамаагүй гэвэл үүнийг хий!

Сониуч зан
Асуулт асуух нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхлэл. Асуултууд өдөр тутмын амьдралд чинь гарч ирдэг үйл явдал, эсвэл харж сонсож буй юу ч байж болно.

Санаачилга
Ихэнх мэдээний алба хязгаарлагдмал эх сурвалжтайгаар давчуу цаг хугацаанд ажилладаг. Тиймээс редакцийн хурал дээр эрэн сурвалжлах сэдэв дэвшүүлэхэд тэр бүр дэмжигддэггүй. Ялангуяа шинэ, тодорхой бус сэдэв бол бүр ч унах магадлалтай. Эрэн сурвалжлах сэтгүүлчид санаачилгатай байх ёстой. Хувьдаа урьдчилсан судалгаа хийж, санаагаа бат бөх төлөвлөгөөнд оруулах шаардлагатай. Хэрвээ үүний дараа ч редакц дэмжихгүй хэвээр байвал цааш тодорхой дэмжлэг /эрэн сурвалжлах тэтгэлэг/ эрэх хэрэгтэй болно.

Логик, зохион байгуулалт болон хувийн эмх журам
Эрэн сурвалжлах нь хуулийн хүчин зүйл, нарийн үе шаттай тодруулга зэргээс шалтгаалж цаг их шаарддаг. Тиймээс цагаа хэрхэн зөв хуваарилахыг төлөвлөдөг, баримтуудыг шалгаж бас дахин шалгаж, хоорондын уялдаа холбоог нягталдаг “донтой” бай.

Уян хатан чанар
Эрэн сурвалжлах явцад юмс яаж ч өөрчлөгдөж болно. Зарим үед эхний асуулт  төгсгөл ч болж мэднэ, эсвэл бүр сонирхолтой зүйлийн хаалгыг нээж ч магадгүй. Эрэн сурвалжлах сэтгүүлч судалгааг хэзээд шинэчилж, дахин төлөвлөхөд бэлэн байх ёстой бөгөөд анхны санаатайгаа салахгүй зууралдаж болохгүй.

Багийн сэтгэлгээ, харилцааны ур чадвар
Кинонд эрэн сурвалжлах сэтгүүлчдийг ганцаардсан чоно гэж дүрслэх нь элбэг. Заримдаа, нууцлал чухал үед мэдээ мэдээллийг бусадтай хуваалцах боломжгүй байдаг. Гэхдээ ихэвчлэн сайн бүтээл олон төрлийн ур чадвар бүхий хамтын ажиллагаанаас /редакциас гадуур ч байж болно/ бий болдог. Жишээлбэл, католик лам нарын хүүхэд хүчирхийлдэг хэргийг эрэн сурвалжилдаг “Гэрэлтүүлэг” киноны амжилтад хүрсэн багийг бодох хэрэгтэй. Эрэн сурвалжилга нь шинжлэх ухаан, эрүүл мэндээс эхлээд эдийн засаг, социологийн мэдлэгийг шаарддаг бөгөөд заавал сэтгүүлч ч байх албагүй. Сайн танилын хүрээ, холбоо харилцаа бол багийн ажиллагааны нэг хэсэг. Багийн хамт олон сэдвийнхээ зорилго, стандартыг /нарийвчлалтайгаар, шударгаар, итгэлтэйгээр/ маш сайн мэддэг байж, хүн тус бүр үүнд хувь нэмэр оруулдаг байх нь чухал.

Мэдээлэх арга барилаа хөгжүүлэх
Үүний тулд заавал сэтгүүл зүйн цол зэрэгтэй байх шаардлагагүй, Гэхдээ эх сурвалжаа тодорхойлох, судалгаагаа төлөвлөх, сайн ярилцлага хийх /худал хариулт хэлэхэд шууд мэддэг мэдрэмжтэй байх/, ойлгомжтой тодорхой мэдээлэх хангалттай дадал хэвшил, туршлагатай байх ёстой. Түүнчлэн, сэтгүүлчид эрч сулрах үеэ мэдэрч, бусдаас тусламж хүсэх даруу чанарыг эзэмшвэл зохино. Хэрэв та туршлагагүй бол сайн баг хамт олон шаардлагатай ур чадвар эзэмшихэд чинь туслах болно.

Ерөнхий мэдлэгээ тэлж сайн судалгаа хийх
Эрэн сурвалжилгынхаа агуулгыг ойлгож чадвал холбоотой гэсэн баримт, асуултуудыг тодорхойлж, үхмэл төгсгөлөөс зайлсxийж чадна. Гэхдээ сурвалжилга хамааралгүй сэдэв рүү хөтөлвөл тэр сэдвийг мэргэжлийн хэллэг, суурь мэдээлэл, гол тоглогч нараар дамжуулан ямар нэгэн уялдаа холбоог шуурхай бий болгох хэрэгтэй. Мэргэжилтнүүдтэй чухал ярилцлага хийх ур чадварыг өөртөө төлөвшүүлэхдээ судалгааны арга барилыг ашиглаж, хэрэгцээт номыг гүйлгэж унших нь үр дүнтэй байдаг. Дүгнэхэд цаг, боломж л гарвал бүхнийг унших хэрэгтэй. Багахан мэдээлэл ч эрэн сурвалжилгад тус дэмтэй байдаг.

Шударга байдал, ёс зүйг чандлах
Эрэн сурвалжлах үйл ажиллагаа хувь хүний аюулгүй байдал, ажил, амьдралыг эрсдэлд оруулдаг. Мөн хуумгай, болгоомжгүй байдлаас шалтгаалан эрэн сурвалжилж буй “зүйлээ” ч эрсдэлд оруулдаг. Тиймээс эрэн сурвалжлах сэтгүүлчид хүчтэй, буурь суурьтай, хувийн ёс зүйтэй байж сэдвээ болон эх сурвалжаа аль болох хүндэлж, аюул заналхийллээс хамгаалж байх шаардлагатай. Түүнчлэн эрэн сурвалжилгыг дэмжиж байгаа редакцийн хамт олон ёс зүйн хэм, хэмжээг чандлан баримталж, ёс зүйн зөрчил гарвал даруй хэлэлцэж шийдвэрлэдэг байх нь зүйтэй. Заримдаа олон нийтийн итгэл таны хамгийн сайн хамгаалагч болдог бөгөөд та ёс зүйгүй авирлавал тэдний итгэл алдрах болно.

Хянамгай байдал
Хов жив хэзээ ч эрэн сурвалжлах мэдээ болж чадахгүй. Дэл сул яриа эрэн сурвалжилгыг болоод түүнд хамрагдаж буй бүхий л хүмүүсийг эрсдэлд оруулна. Мөн эсрэг талынханд сэдэл бүхий мэдээлэл өгч сэдвийг чинь баллаж, хүмүүст анхааруулга өгснөөр ярилцлага бүтэлгүйтэх аюултай. Хэтэрхий их ярих нь сурвалжилгыг унагах болно.

Иргэний эрх үүрэг
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг эх оронч бус гэж дайрцгаах тохиолдол их бий. Гэсэн хэдий ч сэтгүүлч олон нийтийн санаа бодол, эрх ашгийн төлөө өөрсдийгөө хурцалж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэсээр байх нь чухал юм.


Энэхүү бүлэгт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон нийтийн санаа бодолд тулгуурлан тодорхойллоо. Мөн эрэн сурвалжлах сэтгүүлч нарт өөрсдийн санаачилсан сэдвээ редактораараа дэмжүүлэхэд тийм ч амаргүйг онцлон дурдав. Ихэвчлэн эрэн сурвалжилж буй сэдэв хэр ирээдүйтэй, өгөөжтэй вэ гэдэг нь чухал байдаг. Дараагийн бүлэгт хэрхэн мэдээ мэдээлэл олж авах, хуурамч мэдээлэл, сэжүүрийн хойноос яваагүй эсэхийг бататгах талаар дурдсан болно.

Recommendation
Recommendation

Recommendation