WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Ямар ч ярилцлагын хувьд төлөвлөх, бэлтгэх, мэдээлэлд суурилсан уян хатан асуулт асуух нь чухал. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь таниас илүү ур чадвар шаардах бөгөөд арай өөр арга замаар мэдээлэл олж авдгаараа онцлог. Тэр “өөр” хэмээн нэрлэж байгаа зүйлсийн нэг нь цаг төлөвлөлт юм. Зөвхөн хэн хэнтэй ярилцлага хийх вэ гэдгээс гадна эрэн сурвалжилгынхаа яг аль үе шатанд, хэдийд тэдэнтэй ярилцах вэ гэдэг илүү чухал байдаг. Учир нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь агуулгын хувьд өөр. Мөн сэдэв нь ихэвчлэн өргөн цар хүрээтэй, эмзэг мэдрэмтгий байдаг учраас та эх сурвалжтайгаа дайсагнах, хамгаалах, чимээгүй өнгөрөх эсвэл бултах зэрэг янз бүрийн үйлдэл хийхэд хүрдэг. Тиймээс өөр төрлийн стратеги ашиглаж асуулт асуух техник ур чадвар таныг илүү амжилтад хүргэх болно.

Тохиромжтой цаг

Эрэн сурвалжилгынхаа гол баатартай хэзээ нүүр тулах вэ? Хэтэрхий эрт хугацаагаа товловол бүтээлээ нийтлэхээс чинь ч өмнө тэдэнд зугтах боломж өгчихнө. Харин эсрэгээрээ оройтвол тэд зугтана, бултах хариулт бэлдэнэ, эсвэл хууль эрх зүйн боломжийг ашиглан таны асуултыг үгүйсгэх болно. Иймд, маш их нотолгоо  (дэмжлэг болох баримт бичгүүд) цуглуулж, ярилцлага хийх хамгийн тохиромжтой цагийг хүлээгээрэй.

Эмзэг өртөмхий байдал

Таны бэлтгэсэн сурвалжилга бүрэн дуусаагүй, бүгд зөв биш байлаа ч “ямар нэгэн зүйл” хийчихсэн л гэсэн үг. Ийм нөхцөлд, та эрэн сурвалжилж буй эрх мэдэлтэй хүмүүс, эсвэл байгууллагаас тайлбар хүсэж, шаардсанаар  тэднийг аль хэдийнэ сандаргаад эхэлчихсэн гэсэн үг. Та тэдний асуудал болсон хэрэг. Тэд ямар ч байдлаар хариу өгч мэднэ. Энгийн нэг үгүйсгэлийн учрыг олоход хамгийн хялбар, та улам гүнзгий ухаж судалсаар байх хэрэгтэй. Мөн шууд биед халдах, хууль эрх зүйн сүрдүүлэг үзүүлэх, эсвэл бүр гуравдагч этгээдээр (ихэвчлэн таны редактор эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн) дамжуулан айлгах, бүтээлийг хэвлэхийн өмнөхөн шүүхэд өгөх мэтийн нарийн арга хэрэглэж ч болно. Ийм тохиолдолд “гутаан доромжлох” гэсэн нэр томъёогоор халхавч хийдэг, уг нь бол гутаан доромжлох гэдэг нь илэрхий биш, тодорхой биш зүйл дээр хэрэглэгдэх учиртай.

Болгоомж, хянуур байдал

Эрэн сурвалжилгын гол зорилго нь мэдэгдэхгүй байгаа зүйлийг илрүүлэхэд оршдог. Өөрөөр хэлбэл, энэ нь санаатайгаар худал хэлсэн эсвэл ямар нэгэн зөвшилцлийн үүднээс дуугүй байх зэргийг илрүүлэх асуудал юм. Жишээлбэл,  бага, залуу охидыг ашиглан хүний наймаа хийж байгаа талаар огт ам нээхгүй гэж зөвшилцсөн засгийн газрын гишүүн парламентын, эсвэл нийгмийн өмнө худал хэлж болно. Эдгээрийг илчлэх нь цочирдуулам биш юм аа гэхэд гайхмаар байдаг. Тиймээс ч ярилцлагаа товлох мэтийн ажлыг асар их мэдрэмжтэй зохицуулах нь чухал юм. Та яг юу хайж байгаагаа ярилцлагынхаа эхэнд илчилчихвэл эх сурвалж чинь ярилцахаас татгалзаж ч мэднэ. Хэрвээ та хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газар ярилцлагаа хийхээр шийдвэл эх сурвалжаа аюулд оруулж байж ч магадгүй. Эх сурвалждаа урхи тавихаасаа өмнө нэгийг тунгааж, хоёрыг бодох хэрэгтэй. Жишээлбэл, нэг сэдвийн дагуу ярилцана гэж уулзчихаад өөр сэдэв гаргаж ирэх, эсвэл гэр, ажлын байрнаасаа гарч байхад нь отож аваад, “үүдэнд нь” ярилцлага хийх зэрэг байж болно. Энэ нь хэн нэгний телевизийн нэвтрүүлгээр гоё харагдаж мэдэх ч яг таны хувьд байдлыг маш муугаар эргүүлж магадгүй. Хэвлэл мэдээллийнхэнтэй харьцаад сурчихсан олны танил хүмүүс гэнэтийн асуултаас яаж бултах, эсвэл таныг үймээн дэгдээгч олиггүй амьтан мэт харагдуулахаа сайн мэддэг.  Тэгээд таны хичээл зүтгэл, бэлтгэл ажлыг юу ч үгүй нураах вий.

Ярилцлагын стратеги боловсруулах

Ярилцлага хийхэд ашиглаж болох гурван стратеги бий. Албан бус буюу мэдээлэл, баримт олж авах энгийн ярилцлагын хувьд бүх асуулт нь аль болох энгийн, тодорхой байх ёстой. Ярилцлагын явцад асуултууд илүү хүнд, мэдрэмтгий, чухал болохгүй гэсэн үг. Тэгвэл хүний хувийн амьдралтай холбоотой зүйлийнх нь талаар ярилцах гэж байгаа бол тухайн хүнийхээ талаар нэлээд нарийн асуултаас эхлэх нь зөв юм: Тэд хаана сурч байсан бэ? Хэнтэй гэрлэсэн бэ, яагаад? Тэд шүлгээ хэрхэн бичиж эхэлдэг вэ? Заримдаа эх сурвалжийн амьдралтай холбоотой чухал баримтуудыг хүргэхийн тулд хаалттай асуулт тавих хэрэгцээ ч гардаг. Мөн уншигчид ярилцлага өгч байгаа хүний үзэл бодлыг сонирхох дуртай байдаг. Тэгэхээр ярилцлага үргэлжлэхийн хэрээр асуултууд илүү өргөн хүрээ хамардаг болж ирнэ: Орчин цагийн романы үзэл баримтлалыг юу гэж бодож байна? Утга зохиолын шагналыг юу гэж боддог вэ, энэ жилийн шилдэг төрөлд хэн ялах бол? Ийм төрлийн ярилцлагын асуултууд яг л бүрээ шиг нарийнаас эхлээд илүү өргөн цар хүрээ хамрах бүтэцтэй байдаг. Ярилцлага үргэлжлэхийн хэрээр нээлттэй асуултууд асуувал тохиромжтой.

Харин эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дээрхээс тэс өөр стратеги ашиглах нь элбэг байдаг. Ийм төрлийн ярилцлага илүү өргөн хүрээний, ерөнхий асуултаас эхэлнэ: Засгийн газрын тендер авахын тулд ямар шат дамжлага, үйл явцыг дамжих хэрэгтэй байдаг юм бол?, Энэхүү үйл явц нь шаардлага хангадаг уу? Засгийн газар үүнийг хэрхэн хянадаг вэ? энэ мэтээр асуултууд үргэлжлэхийн хэрээр илүү нарийвчилсан, төвлөрсөн болж ирдэг. Ингээд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ярилцлагын хамгийн эцсийн, хамгийн хүнд асуулт нь хаалттай, эсвэл бүр чиглүүлсэн байх нь элбэг: Яг энэ гэрээний хувьд та тендерийн үйл явцын шаардлагыг хангаагүй юу? Яагаад? Иймэрхүү асуултаас болж  эх сурвалж дуугаа хурааж, нэмэлт асуултад хариулахаас цааргалж эхэлдэг учраас л хамгийн сүүлд тавьдаг юм. Тиймээс ийм бүтэцтэй ярилцлага нь яг л юүлүүр шиг хэлбэртэй байдаг. Асуултууд нь өргөн цар хүрээ хамарсан ерөнхий байж байгаад төгсгөл рүүгээ илүү нарийн болж ирдэг.