Та санаагаа оллоо гээд шууд эрэн сурвалжилга хийж болохгүй. Санаа гэдэг нь эхлэх цэг юм. Учир нь эрэн сурвалжилга гэдэг нь нийгмийн өмнө хүндхэн хариуцлага үүрэхээс гадна эрх зүйн олон эрсдлийг дагуулж байдаг тул таны сурвалжилга цэгцтэй, бүрэн төгс байх ёстой. Мөн эрэн сурвалжлах нь хамтын ажиллагаа бөгөөд бүх түвшний эх сурвалж шаардлагатай байдаг учир хамтран ажиллагсадтайгаа найрсаг харилцаатай байж, өөрт хэрэгтэй мэдээллээ цуглуулах боломжоо бүрдүүлэхийг зөвлөе. Энэ мэт шалтгаанаас хамаараад сурвалжилгаа маш сайн төлөвлөх шаардлага тулгарна.
Сэдвийн санаагаа хаанаас олсноос хамаарч төлөвлөгөөний ерөнхий хар зураг гарч ирнэ. Хэрвээ сэдвийн санаагаа өөрийн ажиглалт, эсвэл хэн нэгний богино ярианаас авсан бол тухайн эх сурвалж чинь бодит түүх дээр үндэслэсэн эсэхийг нягталж, дараа нь энэ сэдэв өргөн цар хүрээг хамарч байгаа эсэхэд анхаарал хандуулаарай. Хэрвээ таны санаа ямар нэгэн зөвлөгөөнөөс урган гарч ирсэн бол эхний алхмаа хийхээсээ өмнө тухайн зөвлөгөө мэдээллийнхээ үнэн бодит, найдвартай байдлыг зайлшгүй шалгах шаардлагатай. Хэрвээ өө сэвгүй, хөдлөшгүй баримтан дээр тулгуурлан гаргасан бол тухайн санаагаа батлах юм уу, үгүйсгэх юм уу, эсвэл хариулах юм уу гэх зэргээр өнцгөө нарийвчлан тодорхойлох нь эхний алхам болох юм. Гэхдээ энэхүү алхам нь хөдлөшгүй байх албагүй, яаж ч өөрчлөгдөж хувьсаж, шинэ санаа, шинэ аргачлалаар баяжуулах боломжтой, уян хатан байх хэрэгтэй.
Ихэвчлэн, сонгосон сэдэв өргөн хүрээг хамарч сурвалжилгыг нүсэр (заримдаа бүр удирдаж боломгүй) хэмжээтэй болгох нь байдаг. Америкийн “Атланта-Журнал Конститюшн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан эрэн сурвалжлах сэтгүүлч Томас Оливер тэмдэглэхдээ “Сэдвийнхээ хүрээнд нэг л асуудлыг хөндөхийн оронд бүхнийг хамарсан, бүгдийг харуулах гээд байдаг хандлага бий. Энэ бол сул тал болохоос чадвар биш юм” гэжээ. Сэдвээ хөгжүүлж, сайжруулах шалгарсан арга бол санаагаа хэрхэн гаргах арга замаа тодорхойлох юм. Сурвалжилгынхаа дүгнэлтийг бичих гэж оролд. Энэ нь сурвалжилгын төгсгөл ямар байгаасай гэж хүсч байгааг нэг цогц болгон бичнэ гэсэн үг. Энэ бол редакцийн тархийг задалж, боломжит арга замуудын ерөнхий дүр зургийг гаргаж ирэх арга юм. Мөн асуудлыг дотоодын өнцгөөс сайн тусгах уу, бүс нутгийн эсвэл олон улсын өнцгөөс сайн тусгах уу гэдгээ тодорхойлоход ч хялбар болгоно. Үүний тулд дараах асуултуудыг ашиглаарай:

  • >   Юу болж өнгөрөв? Яагаад үүнийг уншигчид анхаарах ёстой вэ?
  • >   Энэхүү асуудлыг хэн үүсгэв? Хэрхэн өрнөв? Үр дагавар нь юу вэ?
  • >   Энэ асуудлын юу нь буруу вэ?  Яагаад буруу гэж? Үр дагавар нь юу вэ?
  • >   Мэдээ нь юу вэ? Үйл явдал нь юу вэ? Энэхүү сэдэвтэй холбогдож байгаа түлхүүр үгс нь юу вэ?
  • >   Шалтгаан нь юу вэ? Энэхүү сурвалжилгыг бэлтгэснээр хэнд ашигтай болон хэн үгүйсгэгдэн шүүмжлэгдэх вэ? Нийгмийн дунд байгаа маргааныг шийдвэрлэхэд нийтлэл чинь нөлөөлөх үү? Нийтлэл чинь буруутай үйл ажиллагаа, тогтолцооны гажуудлыг ил тод болгож чадах уу?

Эдгээр бүх асуулт сурвалжилгын чиг баримжааг тодорхойлохоос гадна бусдад хүргэхэд юу хэрэгтэй болохыг тодорхойлоход тусална.


Жишээлбэл, ус түгээх үйлчилгээг хувьчлах үед суулгалт өвчний дэгдэлт гарлаа гэж бодъё. Тэгвэл хувийн компаниас ус худалдаж авч чадахаа больсон хүмүүс хаанаас ус авах боломжтойг /түлхүүр үг: хүртэх боломж/, эсвэл усны байгууламж дээр очиж усны аюулгүй байдлыг хангаж байгаа нь иргэдэд хүртээмжтэй байгаа эсэхийг /түлхүүр үг: амарчлах/ сурвалжилж болно. Дээрх асуултуудыг анхааралтайгаар уншиж, хариулснаар сурвалжилгыг үнэ цэнэтэй, утга учиртай болгож байгаа зүйлсийг тодорхойлж байгаатай адил юм. Мөн олон нийтийн сонирхол зэрэг тухайн сэдэвт чухал зүйлсийг тодорхойлж, ашгийн төлөөх сурвалжилгыг ч илрүүлж таслан зогсооход хүргэнэ. Агуулгаа тодорхойлохдоо дэл сул нэр томъёо хэрэглэхээс зайлсхийгээрэй! Өөрт шаардлагатай бүх баримтаа цуглуулчихаад эдгээр асуултуудыг эргэн нэг харж бичих арга барилдаа ашиглаарай.