Хүмүүсийн тэр бүр хайхардаггүй мэдээллийн аюулгүй байдлын нэг том эрсдэл бол Wi-Fi төхөөрөмж юм. Хакерууд таны Wi-Fi төхөөрөмж рүү нэвтэрснээр, сүлжээнд чинь бүрэн нэвтрэх боломжтой байдаг. Тиймээс та анхныхаа Wi-Fi нууц үгийг өөрчлөн, аль болох найдвартай нууц үгээр сольж байх ёстой. Үүний дараа Wi-Fi төхөөрөмжөө encrypt хийх буюу шифрлэн нууцлах ёстой. Одоо байгаа хамгийн аюулгүй шифрийн арга бол WPA2 бөгөөд та мэдээллээ кодлохоос өмнө энэ функцийг ашиглаж чаддаг болсон байх ёстой. Хэрэв та Wi-Fi төхөөрөмжийг хэрхэн шифрлэхээ сайн мэдэхгүй байгаа бол интернет үйлчилгээний компаниасаа туслалцаа аваарай. Харин интернетэд холбогдох хамгийн аюулгүй арга бол LAN-аар холбогдох юм. Хэрэв гэрээсээ ажиллах бол зөвхөн LAN кабель ашиглан интернет орчинд ажиллаарай.

Ингээд та өөрийн роутер буюу Wi-Fi төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангасан бол одоо интернетэд хайлт хийх талаараа бодох ёстой болжээ. Та судалгаа шинжилгээ хийх үедээ интернетийг суурь мэдээлэл, боломжит мэдээллийн эх сурвалж олохоор ашигладаг. Интернетэд эмзэг сэдвээр эрэл хайгуул хийх нь таны үйл ажиллагааг хянах тагнуулуудад илүү их өртөмхий болгодог. Тиймээс, та өөрийн судалгаа шинжилгээний ажлаа хамгаалахын тулд хайлтын системээ нууцлан хамгаалах нь маш чухал. Ингэснээр та өөрийгөө болон ирээдүйн эх сурвалжаа хамгаалах боломжтой болно.

Аливаа хөндлөнгийн хяналтыг даван мэдээлэл хайн интернетэд аюулгүй аялах хоёр арга байдаг: Таны байршлыг харагдуулахгүй нууж байдаг VPN (Хувийн виртуал сүлжээ) болон прокси сүлжээний аль алиныг нь ашиглаж болно. VPN нь таныг яг л өөр сүлжээнд байгаа мэт болгох гарц гэж ойлгож болно.

VPN-ийг ашиглах энгийн аргачлал бол програм хангамж суулгах бөгөөд ихэнхдээ та ухаалаг гар утас, компьютер эсвэл хайлтын систем болох програм хангамжийнхаа алинд нь сонгон ашиглах вэ гэдгээ шийдэж болдог.  VPN-ийг идэвхжүүлсэн бол та өөрөө байгаа мэт харагдах хуурамч байршлыг сонгож болдог. VPN-ийн ийм үйлчилгээ үзүүлдэг зарим газруудаас дурдвал ZenMate, CyberGhost болон ExpressVPN зэргийг нэрлэж болох юм. Гэвч ихэнх VPN нийлүүлэгчид нь үнэ төлбөртэйгөөр үйлчилгээ үзүүлдэг гэдгийг анхаараарай. Төлбөрийн мэдээллүүд хадгалагдан үлдэх бөгөөд хэдий энэхүү онлайн хайлтын аргыг ашигласан ч таны төлбөр төлсөн ул мөр үлдэх болно.  Харин хэдий жаахан төвөгтэй боловч үүнээс өөр нэгэн арга бол өөрийн VPN-дээ тохиргоо хийх юм.

Өөр нэгэн алдартай proxy сүлжээ нь TOR (The Onion Router) юм. TOR браузерыг ашиглаж байхад та өөр IP хаягтай харагддаг. Үүнийг нь ашиглах боломжтой. Учир нь TOR бол шифрлэгдсэн компьютерүүдийн сүлжээ юм. Хэрэглэгч бүр энэ сүлжээнд нэвтрэх эрхтэй байдаг. Эдгээр сүлжээнүүдээс гурав болон түүнээс дээш тоогоор ашигласны дараа хэрэглэгч гарах хэсэгт хүрдэг. Энэ нь тухайн хэрэглэгчийн албан ёсоор ашиглаж байгаа IP хаяг юм.

Гэсэн хэдий ч энэ нь та огт ул мөр үлдээхгүй гэсэн үг биш. Жишээлбэл 2014 оны 11-р сард холбооны мөрдөх товчоо болон Европын аюулгүйн албад TOR-ийг гэмт хэргийн үйл ажиллагаандаа ашигласан 17 хүнийг илрүүлэн баривчилсан. Гэвч ийм үйл ажиллагааг хийхэд маш их ажиллагаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс хэрэв тэд зэвсгийн наймаа хийж, насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэг түгээгээгүй л бол нууц албадууд энэхүү аргачлалаа хэрэгжүүлэн та бүхнийг мөрдөн илрүүлэх эрсдэл бага. Гэвч та сайн тоноглогдсон нууц албатай, хэвлэлийн эрх чөлөө багатай улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ талаар анхаарах хэрэгтэй юм. TOR браузер нь андройд төхөөрөмжид ухаалаг утасны аппликэйшн хэлбэрээр (Orfox болон Orbot add-on-оор) ашиглагдах боломжтой. Proxy браузер хайж байгаа iOS үйлдлийн системийн хэрэглэгчид Onion Browser луу нэвтрэх хэрэгтэй.