Оновчтой асуулт асуух нь

Ярилцлага бол (эрэн сурвалжлах ч бай, өөр төрлийнх ч бай) сэтгүүл зүйн үндсэн элементүүдийг агуулдаг. Гэвч эрэн сурвалжлах ярилцлагын хувьд илүү их бэлтгэсэн, сэдвээ (түүхээ) ухаж ойлгосон, өөрийн эх сурвалжаар дамжуулан судалгаа хийчихсэн байх ёстой. Ингэснээр оновчтой асуулт асууж чадна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эмзэг мэдрэмтгий, зөрчил маргаантай бөгөөд заримдаа хэн нэгний нэр хүндийг ч сэвтүүлэх аюултай. Тийм ч учраас ярилцлага хийх ур чадвараа хурцалж, ямар төрлийн асуултыг хэрхэн, хэзээ асуухаа бэлтгэх нь хамгаас чухал. Ярилцлага хийх үедээ ёс зүйн хэм хэмжээг ч анхаарах шаардлагатай.