2. Далд санаа, цуу яриа, баримтуудыг хэрхэн баталгаажуулах вэ?

2. Далд санаа, цуу яриа, баримтуудыг хэрхэн баталгаажуулах вэ?


Сэтгүүлчид баримт үйл явдлыг бүх талаас нь судалсан байх ёстой. Үүнд асуудалд оролцсон талууд, сөргөлдөөн,  буруутгагч болон буруудаж байгаагийнх нь нөхцөл байдал зэрэг бүх тал орно.  Гэвч тэдгээрийн талаарх эх сурвалжийн нууц мэдээлэл, цуу яриа,  хувийн туршлага болон бусад судалгааны хэлбэрүүдээ хэрхэн баталгаажуулах вэ?

Та цахим хуудаст тулгуурласан судалгааны үеэр мэдээлэл цуглуулахдаа хоёр төрлийн чухал асуултыг авч үзэж байх хэрэгтэй. Эхнийх нь: Хэн үүнийг бичсэн бэ? Тэд хэр найдвартай хүмүүс вэ? Тэд энэ мэдээллийг яагаад бичсэн бэ? Одоо цагт жинхэнэ мэргэжилтнүүдээс эхлээд ухаантан болохыг мөрөөдөгчид, арилжааны сонирхлоор мөнгө авсан, улс төр болон хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хэн ч лобби хийх үүднээс ямар ч сэдвээр цахим хуудас, твиттер, фэйсбүүкд биччихдэг болсон цаг. Ийм л учраас цахим хуудсаас авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах ёстой юм.

Хоёр дахь чухал асуулт бол  энэ мэдээллийг гаргасан хувь хүний талаар төрийн үйлчилгээний ямар мэдээллийг авах боломжтой вэ? Эрэн сурвалжлах сэтгүүлчид тэдний амьдрал, боловсрол, эрхэлж хашдаг албан тушаал зэргийн талаар мэдээллийг олж авахыг хичээх хэрэгтэй. Тэдний фэйсбүүк болон жиргээг нь шалга. Шинэ аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл гарч ирвэл үүсгэн байгуулагчдыг нь эрэн сурвалжил. Түүнчлэн  тэдний ажлын хамт олон, өрсөлдөгч болон төрийн алба хашиж байгаа холбоо сүлбээг нь давхар шалгана. Хөдөө аж ахуйн шинэ сайд томоохон үр тариа үйлдвэрлэгч компанийн ТУЗ-д сууж байгаа бол хууль зөрчсөн үү? Хуулиар зөвшөөрөгдсөн байсан ч ашиг сонирхлын зөрчил байгаа нь тодорхой хэрэг юм.  Энэ төрлийн холбоо хамаарлыг илрүүлэх нь  нэлээд том зүйлийг гаргаж тавихад хэрэгтэй хөшүүрэг болдог.

Түлш, газар, тэтгэлэг гэх мэт ховор нөөцийн талаарх мэдээ мэдээлэл нь  тухайн нөөцийн хуваарилалттай холбоотой авлига хээл хахуулийн асуудлыг агуулж байдаг. Эдгээр нөөцийг хуваарилагч нар нь хэн, хуваарилах шат дамжлага нь ямар аргачлалаар явагдах ёстой байдаг талаар асуултууд нь авлига хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлэх, энэхүү ховор нөөц нь хэрхэн хэн нэгний хувийн ашиг болж хувирсан талаар мэдэхэд тусалдаг. Хэрэв та байгууллагын цахим хуудсуудыг анхааралтай ажиглавал албан тушаалтнууд ямар хэмжээний мэдээллийг ил тавьсан байгаагаас хэр хэмжээний зүйлсийг нууж байгаа нь илт харагддаг.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа албан тушаалтан эсвэл  улс төрчид хуурамч мэдээллийн араас чулуу хөөлгөн, өөрийгөө хамгаалах зорилгоор хуурамч нотолгоо баримт үүсгэх нь маш амархан байдаг. Албан бичгийн толгойг л авч чадвал компьютер, принтертэй  хэн ч хуурамч  баримт бичгийг үйлдэж чадна. Тэр бүү хэл эдгээр баримтууд нь жинхэнэ байсан ч гэсэн мэдээллийг хэсэгчлэн, далд утга санаа агуулсан, чухал мэдээллийг санаатайгаар орхигдуулсан байж болно.  Зарим үед баримтууд нэр томъёо гэх мэт хэт их мэргэжлийн мэдээлэл агуулснаас ердийн сэтгүүлчид ойлгох боломжгүй байдаг. Энэ тохиолдолд бусад мэргэжлийн хүнээс тусламж авах шаардлагатай. Энэ төрлийн баримтуудад нягтлан бодогч, хуульч, эмч гэх мэт хөндлөнгийн мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй.  Гэвч маш энгийн санагдах баримт бичгүүдэд ч өөрөөр тайлбарлан ашиглах зорилготой мэдээллийг агуулсан байж болдог. Заримдаа энэхүү ашиг сонирхол нь нотлогдоход тэдний мэргэжлийн ёс зүй зөрчсөн хэргийг харьцангуй бага тоон авч хэлэлцдэг. Авлига хээл хахуулийн талаарх мэдээлэл нь шумуул лугаа тархан нисдэг учир сэтгүүлчид өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулах, саад бэрхшээлээс ангижрах, зорилгодоо хүрэх үүднээс танд мэдээлэл өгсөн мэдээлэгчдийг ил гарган, хохирогч болгочихгүйн тулд анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй.

Ердийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өөр нэгэн арга хэлбэр бол олон салбарын төлөөлөлтэй тогтмол харилцаатай байх юм.  Сайн харилцаа холбоо тогтооно гэдэг бусад сэтгүүлчийг мэдэхээс өмнө та үр ашигтай, шинэ мэдээ мэдээллийг бэлдэх боломжтой болно гэсэн үг. Гэвч ингэхийн тулд та эдгээр хүмүүстэй онцгой зорилгогүйгээр тогтмол харилцаатай байх хэрэгтэй.  Та хэрэв зөвхөн хэрэгтэй үедээ л эх сурвалжуудтай уулздаг бол тэдэнд ашиглагдаад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үүнийг ‘Эх сурвалжтайгаа ажиллах’ гэж нэрлэдэг. Мөн  эх сурвалжаас авсан мэдээлэл чинь таны хайж байгаа сэдэвт яг таг таарч, тань руу чиглэсэн байх албагүй. Та өөрөө бүтээлч байж, сайн баримт санаа олж авахдаа сониуч, гярхай байх хэрэгтэй.

INSEAD-ийн эрэн сурвалжлах сэтгүүлч, профессор Марк Ли Хантер, түүний хамтран зүтгэгч Лук Сэнгерс нар дараах зөвлөгөөг өгч байна:

Бид мэдээлэл цуглуулах гэж ажилладаггүй, харин мэдээллийг баримт нотолгоо олж авахын тулд цуглуулдаг. Та хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг байх ёстой. Та хүмүүсээр өөрчлөлт шинэчлэл хийлгүүлэхийн тулд тэднийг уурлуулж бас уйлуулах хэмжээнд байх ёстой.
Үүнээс өөрөөр та яах гэж амь нас, нөхөрлөл, харилцаагаа золин байж тэр их цаг хугацааг баримт нотолгоо олоход зарцуулсан гэж? Хүмүүс бол таны эрэн сурвалжлах бүтээлийн эшлэл баримт биш, харин жинхэнэ дүрүүд юм.